2024 онд улсын хэмжээнд 3000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж 415 хүн нас баржээ
Манай улсын хувьд сүрьеэгийн тархалт өндөртэй орнуудын тоонд багтдаг. Үүнээс гадна 2021 онд ДЭМБ-аас баталсан олон эмд тэсвэртэй сүрьеэгийн дарамт өндөр 30 орны жагсалтад багтсан байдаг. Эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэгийн эсрэг олон арга хэмжээ, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа хэдий ч жил ирэх тусам тус өвчнөөр өвчлөх иргэдийн тоо буурахгүй байгаа юм.
  • 2023 онд сүрьеэгийн 2357 тохиолдол бүртгэгдэж 328 хүн нас барсан бол 2024 онд энэ тоо 3000 гаруй болж нэмэгдэн 415 хүн нас барсан байна. Энэ нь 1 хоногт 1 хүн тус өвчний улмаас нас барж байна гэсэн үг.
  • Нийт бүртгэгдсэн тохиолдлын 57 хувь нь нийслэлд, 42 хувь нь орон нутагт байна.
  • Сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь хөдөлмөрийн насны эрчүүд болон бага насны хүүхдүүд буюу 15-44 насныхан байна.
  • Сүрьеэгийн тархалтын судалгаагаар жилд 12-14 мянган тохиолдол бүртгэгдэж байгааг тооцоолсон ч ердөө 20 гаруй хувийг л илрүүлж чаддаг байна.  Учир нь иргэд ялгавран гадуурхалт, гэр бүлийн сөрөг харилцааг бий болгохгүй гэх шалтгаанаар эмнэлгийн байгууллагад ханддаггүй нь өвчнийг хүндрүүлэх, дахин халдвар тараах эрсдлийг бий болгодог байна.

Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо, ХЭҮК болон бусад холбогдох байгууллагууд хамтран 2022 онд сүрьеэгийн улбаатай ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолын үнэлгээг хийжээ. Судалгаанд 21 аймаг 9 дүүргийн 458 сүрьеэг даван туулагч хамрагдаж, тэдний бодит түүхээр “Сүрьеэ хэнийг ч гадуурхдаггүй, харин хүн л гадуурхдаг” номыг бүтээжээ. Тус бүтээлд сүрьеэ өвчнөөр өвчилсний дараа тухайн хүн гэр бүл, хамаатан садан, найз нөхөд болоод нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхалтад өртдөг мөн эрүүл мэндийн байгууллагын ажилтан ч тэднээс цэрвэх, ялгаварлан гадуурхах үйлдлийг гаргадаг тухай бичсэн байна. Энэ нь тухайн өвчнөөр өвчилсөн хүн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх, өвчнөө эмчлүүлэхэд ихээхэн хүндрэл учруулдаг байна

Сүрьеэ өвчний эмчилгээний үр дүн сайн байгаа хэдий ч өвчтөн эмчилгээгээ бүрэн гүйцэт хийлгэхгүй байх, дутуу орхигдуулах зэргээс шалтгаалан эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчин дийлэнх болж байгааг мэргэжилтнүүдийн зүгээс мэдээлж байна. Энэ төрлийн өвчнийг эмчлэхэд хамгийн багадаа зургаан сарыг зарцуулдаг бол хамгийн уртдаа гурван жил хүртэлх хугацаагаар эмчлэх шаардлага гардаг байна. Түүнчлэн сүрьеэ өвчний илрүүлэлтээр 20 гаруй хувийг нь л илрүүлж 80 орчим хувийг нь илрүүлж чадахгүй байна.

Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүн ханиалгах, найтаах, бусадтай ярих үед халдварыг дамжуулж, тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Энэ хэлбэрийн сүрьеэтэй хүн жилд дунджаар 10-15 хүнд халдвар тараах эрсдэлтэй байдаг. Тиймээс тухайн хүн сүрьеэгээр өвчилсөн эсэхээ харьяа хорооны Эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д очиж шинжилгээ болон сорил тавиулан мэдэх боломжтой юм байна.