Төрийн давхардсан чиг үүрэг, хариуцлагагүй байдал нь хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхийг хязгаарлаж байна

Хичээлийн шинэ жил эхэлсэн ч олон хүүхэд анги танхимдаа бус, түр байр, спорт заал тэр ч бүү хэл зарим нь гэртээ цахимаар хичээллэхэд хүрч байна. Учир нь олон жил гацсан сургууль, цэцэрлэгийн барилгууд өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, харин шинээр баригдаж ашиглалтад орсон нь ширээ сандал, тоног төхөөрөмжгүй байна. 

—2025-2026 оны хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 668 цэцэрлэгт 125 мянга гаруй хүүхэд хамрагдана. Харин ерөнхий боловсролын 326 сургуульд 410 мянга гаруй сурагч суралцана. Энэ нь өнгөрсөн оноос 30 мянган сурагчаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

—Сурагчийн тоо нэмэгдэхийн хэрээр сургуулийн хүртээмжийн асуудал тулгардаг.  Хэдийгээр энэ жил цөөнгүй сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан ч сурагчид хичээллэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Тодруулбал, нийслэлд 16 сургууль, 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон ч ширээ сандал, тоног төхөөрөмжгүй гэх шалтгаанаар сурагчдаа хүлээн авч чадаагүй юм. 

—Гэвч тус асуудалд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй явсаар хичээл эхлэхээс ердөө 7 хоногийн өмнө Засгийн газраас Боловсролын сайдад үүрэг өгсөн. Ингэхдээ нийт шаардлагатай байгаа 13 орчим тэрбум төгрөгийг лизинг, түрээсийн журмаар шийдвэрлэж ширээ сандал авахыг даалгасан юм.

—Одоогоор 6 сургууль барилгын засварын ажлаас шалтгаалж цахимаар хичээллэж байгаа бол нийслэлийн 38 дугаар сургууль түрээсийн мөнгө орж ирээгүй шалтгаанаар мөн л цахимаар хичээллэж байна. 

Боловсролын яам 2025-2026 оныг “Боловсролыг дэмжих жил” хэмээн зарласан. Гэвч бодит байдал дээр боловсролыг дэмжих уриа нь ажил хэрэг болж чадалгүй, хүүхдүүдийн боловсрол эзэмших боломж төрийн түшээд, яам агентлагуудын ундууцалтай зууралдан засварлаж буй хоосон сургуулийн хаалганы цаана үлджээ. Тус асуудал өнгөрөгч хавар сургуулийн ширээ сандал, тоног төхөөрөмж худалдан авах тендерийг цаг хугацаанд нь зарлаагүйтэй холбоотой гэж албаныхан тайлбарлаад байгаа юм. Угтаа сандал, ширээ зэргийг ханган нийлүүлэх чиг үүргийг Боловсролын яам хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг. Харин нийслэлийн төсвөөр хийгдэж буй ажлыг нийслэл хариуцах үүрэгтэй. Гэсэн ч асуудлыг хэн нь шийдвэрлэх нь ойлгомжгүй байдал үргэлжилсээр. 

Тус асуудал зөвхөн энэ жил тохиож байгаа юу гэвэл үгүй. Учир нь 2018 оноос хойш гацаж жил бүр төсөв хувиарлуулдаг ч урагшилдаггүй сургууль, цэцэрлэгийн барилга цөөнгүй бий. Төсөв нь батлагдсан, шав нь тавигдсан хэр нь дуусдаггүй сургуулийн барилга бүр боловсролын шинэчлэлийн бодит саад болж байна.

Нийслэлд дахин 108 сургууль, 95 цэцэрлэг шаардлагатай гэх судалгаа байна. Мөн энэ жил нийслэлээс сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гэвч дахин төрийн давхардсан чиг үүрэг, хариуцлагагүй байдлаас шалтгаалан саад гарч ирэх үү гэх асуулт байна.

Боловсролыг дэмжих бодлогыг зөвхөн уриа лоозон бус бодит ажил хэрэг болгохыг эцэг эх, асран хамгаалагчид шаардаж байна. Хэдий болтол түрээсийн байр, спорт зааланд ирээдүйн боловсролтой иргэнийг бэлтгэхийг төр анхааралдаа авах биз ээ