Хаалттай хаалганы цаана чимээгүй өрнөж, хүүхдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж байгаа асуудал бол гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл. Гэтэл хүүхэд хүчирхийлэлд өртөөд байна гэдгээ мэдээгүйгээс болж, эсвэл хэн нэгэнд хэлж чадаагүйн улмаас насандаа даахгүй ачаа үүрч байна. Тоон мэдээллээр:
- 2012-2016 оны хооронд 1088 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болжээ.
- 2018 онд 995 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, түр хамгаалах байранд хүргэгдсэн байна.
- Эдгээр хүүхдүүдээс 34 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байжээ.
- Сүүлийн гурван жилийн байдлаар хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотойгоор 1000 орчим хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна.
Англиар асуулт асуусан нагац ахдаа хариулж чадаагүйн улмаас гарынхаа хуруунуудыг эрэмдэглүүлсэн зургаан настай охин, орондоо шээлээ гэх шалтгаанаар хойд аавдаа зодуулсан дөрөвхөн настай хүү зэрэг гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хүүхдүүд цөөнгүй байна. Эдгээр хэргүүд нь олон нийтийн өмнө ил болсон ч хаалттай хаалганы цаана хичнээн хүүхэд харгис байдлаар эрхээ зөрчүүлж байгаа нь тодорхойгүй.
2012-2016 оны хооронд 1088 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсон харамсалтай мэдээлэл байна. Тэгвэл бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг Монгол улсын шүүхийн цахим сангаас шүүхэд, улсын хэмжээнд 2018 оны 1-р сараас хойш эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 116 хэрэг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээр 93 хэрэг, хяналтын шатны шүүхээр 30 хэрэг шийдвэрлэсэн байна.
Шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 11.7-р зүйлд гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн бол хорих ял шийтгэлтэй. Харин 12.1.4-т зааснаар бэлгийн хүчирхийллийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэдэг юм байна.