Мах бол манай улсын стратегийн гол хүнс. Тиймээс махны чанар, эрүүл ахуйг хангаснаар нийт хүн амын эрүүл мэнд цаашлаад хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлнө.
Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ.
Дэлгэцээс мах махан бүтээгдэхүүн бэлтгэж үйлдвэрлэдэг газруудад нийтлэг ямар зөрчил илэрсний эзлэх хувь хэмжээгээр нь харуулъя.
- Үйлдвэрүүдийн 34.3 хувь нь үйлдвэрлэлийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй байна. Тухайлбал нэр бүхий үйлдвэрийн ажлын байр нь үйлдвэрлэлийн хэсэгтээ ажилчдын ариун цэврийн өрөөг байрлуулсан байжээ.
- Мах махан бүтээгдэхүүний 83 үйлдвэрийн 43.7 хувь нь түүхий эд, бүтээгдэхүүнийг агуулах, гүн хөлдөөлтийн камерт хадгалахдаа ангилж төрөлжүүлэн хана шалнаас зайтай хураагаагүй, хаягжилт, тэмдэглэгээ хийгээгүй технологийн горимд хяналт тавиагүй зөрчил гарсан байна.
- Үйлдвэрүүдийн 59 хувь нь мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэдэггүй зөрчил илэрсэн байна.
- Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа махны 77 үйлдвэр буюу нийт үйлдвэрүүдийн 93 хувь нь өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавьж, чанар аюулгүй байдалд баталгаа гаргах дотоодын лабораторигүй, мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Энэ мэтчилэн бидний хүнсний гол хэрэгцээ болсон мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хүнс, мал эмнэлэг, эрүүл ахуй, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, газрын харилцаа, байгаль орчны хяналтын чиглэлээр шалгалт явуулахад нийт 1234 зөрчил илэрсэн нь махны салбарт хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдаж байна уу гэх асуултыг дагуулж байна.
Нийслэлийн хэмжээнд 2019 онд үйл ажиллагаа явуулж байгаа мах төхөөрөх, дулааны аргаар мах боловсруулах, хиам зайдас, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, бууз банш, ангилан савласан мах, борц, хатаасан махны цех, уламжлалт аргаар мал төхөөрдөг үйлдвэрийн газруудад эрүүл ахуй, чанар, стандартын 7 чиглэлээр шалгалт явуулж 1234 зөрчил илрүүлсэн нь өмнөх оны зөрчлөөс 80 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Шалгалтад хамрагдсан махны компаниуд махны үйлдвэрлэл явуулахдаа хүнсний зориулалтын бус, цэвэрлэгээ хийхэд тохиромжгүй, ус чийгт тэсвэргүй зэвэрсэн тоног төхөөрөмж хэрэглэж байжээ. Энэ нь махан бүтээгдэхүүнд дам бохирдол үүсгэсэн байж болзошгүй байна. Мөн махыг үйлдвэрийн болон уламжлалт аргаар төхөөрдөг газруудад хийсэн шалгалтаар амьд малыг төхөөрөхөөс өмнө эрүүл мал эсэхийг үзлэг шинжилгээнд оруулж шалгадаггүй нь тогтоогджээ. Учир нь ихэнх мах бэлтгэлийн үйлдвэрүүд малын эмчгүй үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрсэн байна.
Сүүлийн үед хүнсний үйлдвэрлэлийн дамжлагад ажилладаг ажилтнууд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаагүйгээс хоолны хордлого ихээр гарах болсон. Тэгвэл мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 34 аж ахуйн нэгж байгууллага ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй зөрчил илэрсэн байна.
Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрүүдэд илэрсэн дээрх зөрчлүүдийн 799 буюу 64.7 хувийг арилгуулж үлдсэн аж ахуй нэгжүүдэд албан шаардлага хүргүүлж ажилласан гэдгийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна.