Олон нийтийн сүлжээ хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болохын хэрээр цахим орчин дахь гадуурхал, үзэн ядалтын гэмт хэргүүд санаа зовнисон асуудлуудын нэг болж хувираад байна. Өмнөд солонгос улсад л гэхэд цахим орчин дахь дарамт шахалтын улмаас амиа хорлолтын хэргүүд нэмэгдэж байгаа нь цахим орчин дахь хараа хяналтын асуудлыг чангатгах шаардлагатай тулгараад байгаа юм.
Өмнөд солонгос улсад 40-с доош насны хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд амиа хорлолт дээгүүр байр эзэлж байна.
Өнгөрөгч сард л гэхэд өмнөд солонгосын дуучин, жүжигчин Солли буюу Чуэ Жин Ри гэртээ амьсгал хураасан байдалтай олдсон хэргийг цагдаагийн газраас амиа хорлолт гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.
Нийгэмд цочрол үүсгэсэн энэхүү хэргийн дараагаар олны танил хүмүүсийг чиглэсэн цахим орчин дахь гадуурхал, үзэн ядалт, дарамт шахалтын асуудал хурцаар хөндөгдөх болж, ерөнхийлөгч Мүн Жэ Иний албан ёсны вебсайт л гэхэд цахим орчин дахь хараа хяналтыг сайжруулах тухай хууль батлахыг шаардсан санал хүсэлтүүдэд дарагдаад байна.
Иргэдийн зүгээс эрх баригчдыг цахим орчинд газар аваад байгаа үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалж, гүтгэлгийн шинж чанартай худал ташаа мэдээлэл түгээсэн интернэтийн троллуудад хатуу шийтгэл оногдуулахыг шаардаад байгаа юм.
Түүнчлэн санал асуулгад оролцсон иргэдийн 70 хувь нь цахим орчинд өөрсдийн жинхэнэ нэр, IP хаягийг ил гаргаж сэтгэгдэл бичдэг болох тухай хуулийн төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн санал өгчээ.
Тэгвэл цахим орчинд нэрээ нууцлан сөрөг сэтгэгдлүүд бичдэг, худал ташаа мэдээлэл тараадаг асуудалтай тэмцэхээр өмнөд солонгосын хоёр дахь том портал сайт болох daum өнгөрөгч сард энтертайнмент мэдээнүүдийнхээ доорх сэтгэгдэл бичих хэсгийг устгах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм.
Цахим орчин дахь хараа хяналтыг сайжруулах тухай асуудал ийнхүү олон нийтийн зүгээс хүчтэй шахалт шаардлагатай тулгараад байгаатай холбогдуулаад тус улсын Үндэсний Ассемблей ирэх 12-р сард дээрх асуудалтай холбоотой хоёр ч хуулийн төслийг хэлэлцэхээр болсноо мэдэгдээд байна.