Он солигдох мөчид Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ ард түмэндээ хүргэхдээ тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг мэдэгдсэн билээ. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаан, УИХ-ын чуулганаар хэлэлцэн хуулийн төсөл боловсруулах ёстой байдаг ч одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
2019 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 309 мянган хүн өндөр настны тэтгэвэр авч байгаагаас 75.4% нь зээлтэй байна. Эдгээр иргэдийн тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл 776 тэрбум төгрөг байгаа бөгөөд банкнуудын зээлийн багцын 4.3%-ийг эзэлж байна. Тэгвэл эдгээр иргэдийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ хэмээн Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга хэллээ.
Тэгвэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ерөнхийлөгчийн мэдэгдлийг ардчилсан намаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж байна хэмээн тайлбарлалаа. Хэдийгээр мэдэгдэлд тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгийг салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийднэ гэж байгаа ч энэ эх үүсвэр тодорхой болоогүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр УИХ-ын тогтоол болж байж хэрэгжих боломжтой. Гэхдээ энэ зөвлөмжийг бас биелүүлэхгүй байж ч болно гэж байна. УИХ-аас ямар шийдвэр гарах нь гол түлхүүр болж байна.
Энэ үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын гишүүдийн нэг нь тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төсөл боловсруулах тухай мэдэгдлээ. Салхитын мөнгөний ордыг 2018 онд тухайн үеийн ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар тагнуул, цагдаа, тусгай албадын бүрэлдэхүүнтэй салхитын ордод тусгай ажиллагаа зохион байгуулан лицензийг нь цуцалсан. Улмаар 2019 онд энэ хэрэгт холбогдсон шүүгч нэг нь амиа хорлон нөгөө нь гадаадад оргон зайлсан. Харин шүүх дээр тус ордын өмчлөлийн маргаан шийдэгдээгүй байгаа. Энэ нөхцөлд тус ордын хөрөнгийг ашиглах нь эргэлзээтэй асуудал байна. Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод, чуулганд тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ороогүй. Ерөнхийлөгчийн тамгын газраас ч байр суурь илэрхийлээгүй гэлээ. Харин манай телевизийн зүгээс цахим хуудсаараа дамжуулан тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх нь зөв үү гэсэн санал асуулга явуулахад судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь дэмжиж байна гэсэн хариуг сонгосон байна.