БНХАУ-ын төвийн бүсийн Ухань хотод дэгдээд байгаа учир битүүлэг халдварт өвчний үүсгэгч вирусыг SARS-ийн төрлийн коронавирус буюу титэм вирус болохыг урьдчилсан шатны шинжилгээний үр дүнгээр тогтоосноо эрдэмтэд мэдээллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөн өмнө нь энэхүү халдварт өвчнийг титэм вирусээс гаралтай байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байсан юм.
Одоогоор хятад улсад тус халдвараар өвчилсөн 59 тохиолдол бүртгэгдээд байгаагаас хүний амь нас эндсэн тохиолдол гараагүй ч 7 хүний биеийн байдал хүнд байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Тэгвэл урьдчилсан шатны шинжилгээний үеэр тус халдвараар өвчилсөн 15 хүнээс цусны болон бусад шаардлагатай шинжилгээнүүдийг авахад титэмт вирусын шинэ төрлийн вирус болох нь тогтоогджээ.
Титэм вирусын бүлэгт 30 гаруй вирус багтдаг бөгөөд тэдний 6 нь л хүнээс хүнд дамжин халдварладаг болох нь ДЭМБ болон бусад хүрээлэнгүүдийн хийсэн судалгаагаар тогтоогдож байсан юм.
Тэгвэл энэхүү шинэ вирус нь хүнээс хүнд дамжин халдварладаггүй болохыг тогтоогоод байгаа төдийгүй өвчилсөн хүмүүсийн ихэнхийг далайн гаралтай хүнсний захад ажилладаг хүмүүс эзэлж байгаа тул захыг ариутгаж, тодорхой бус хугацаагаар хаах арга хэмжээ авснаа албаныхан мэдээлжээ.
Түүнчлэн вирусын халдвар авсан хүмүүстэй холбоо тогтоосон 163 хүнийг эмчийн хяналтад оруулж, Сингапур болон Хонконгийн удирдлагууд тус хотоос зорчигсдыг тусгай үзлэгт хамруулах арга хэмжээ авснаа мэдээлсэн байна.