Одоогоос 10 жилийн өмнө "Анод" банк үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн учраас албадан татан буулгаж байв. Тухайн үед 43 аж ахуйн нэгж байгууллагын 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр яригдаж байсан. Гэтэл "Анод" банкны эрх хүлээн авагч "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-д төлөх найдваргүй авлагын үлдэгдэл болох 863 сая төгрөгийг өнөөг хүртэл буцаан төвлөрүүлээгүй байна.
Өнгөрөгч 2010 оны 7-р сарын 23-нд Монголбанкны удирдлагууд "Анод" банкийг албадан татан буулгаснаа мэдэгдэж байв. Тухайн үед хадгаламж эзэмшигчид, ААНБ-уудын хадгаламж, чанаргүй зээл хурцаар яригдаж, шат шатны шүүхээр дамжсан удаатай. Тэгвэл 2018 онд сангийн яам ХЭДС-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар татан буугдсан "Анод" банк 2008 онд байршуулсан эх үүсвэрийн үлдэгдэл мөнгийг буцаан төвлөрүүлээгүй нь тогтоогджээ.
Тодруулбал 2005-2008 онд ХЭДС нь "Анод" банкаар дамжуулан жижиг зээл олгож байсан бөгөөд банк татан буугдсанаас хойш 10 жилийн хугацаанд мөнгө буцаан төвлөрүүлэлгүй, улсын мөнгийг гацаажээ.
Тухайн үед Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдож, найдваргүй зээлдэгчдийн асуудлыг шүүхээр шийдүүлэх, тогтоосон эрэмбэ дарааллын дагуу иргэд, ААНБ-ын хохирлыг төлүүлэх талаар мэдэгдэж байв. Гэвч төр өөрсдийнхөө мөнгөнд анхаарал хандуулдаггүйн гороор өнөөг хүртэл зарим сангийн мөнгө түгжигдэж, харин гол асуудал мартагдаад байна.