Австралид ой хээрийн түймэр намжсан ч үерийн гамшиг нүүрлэх эрсдэлтэй байна

Хэдийгээр хур тунадасны нөлөөгөөр ой хээрийн түймэр намжсан ч цахилгаан хангамж тасалдах, зам хаагдах зэрэг бэрхшээлүүд тулгарч байгааг иргэдийн зүгээс мэдээлсэн байна.

Өнгөрөгч оны 9-р сараас анх газар авч эхэлсэн ой хээрийн түймрийн улмаас Австрали улсад 28 хүн амь үрэгдэж, 10 сая гаруй га талбай, 3000 орчим байшин барилга үнс нурам болж хувираад байгаа юм.

Тэгвэл ой хээрийн түймрийг унтраах ажилд хойрго хандаж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа ерөнхий сайд Скотт Моррисон түймрийн улмаас австрали улсын аялал жуулчлалын салбарт ихээхэн хэмжээний хор хохирол учирсныг мэдэгдээд,  гамшгийн хор хөнөөлийг бууруулах сангаас 76 сая австрали долларын тусламжийг аялал жуулчлалын салбарт үзүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

Одоогоор ой хээрийн түймэр, үер усны гамшгаас шалтгаалаад тус улсын аялал жуулчлалын салбар 1 тэрбум Австрали долларын хохирол амсаад байгаа бөгөөд жилийн эцэс гэхэд нийт хохирлын хэмжээ нь 4.5 тэрбум австрали долларт хүрэх эрсдэлтэй байгааг тус улсын аялал жуулчлалын зөвлөлөөс мэдэгдсэн байна.

Ням гарагийн байдлаар Викториа мужид гал түймрийн идэвхтэй 14 голомт байгаагаас ирэх өдрүүдэд ширүүн аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаагаас шалтгаалж, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цаг уурын газраас анхааруулжээ.