Япон улсын хүн ам доторх хүүхдүүдийн тоо энэ жил 39 дэх жилдээ дараалан буурч, түүхэн доод хэмжээндээ хүрснийг тус улсын засгийн газар мэдээллээ.
Тодруулбал өнгөрөгч 4-р сарын байдлаар япон улсад 14 болон түүнээс доош насны хүүхэд 15.12 сая байгаа нь өмнө жилийнхээс 200 мянгаар буурсан үзүүлэлт болжээ.
Түүнчлэн Япон улсын хүн амд хүүхдүүдийн эзлэх хувь 46 дахь жилдээ дараалан буурч, 12 хувьд хүрсэн бол тус улсын адилаар төрөлтийн хэмжээ нь мөн л жил бүр буурч байгаа орнуудын тоонд ордог Өмнөд Солонгос улсын тухайд энэ тоо 12.4 хувьтай байдаг байна.
Дэлхийд наслалтаараа итали улсын ардаас хоёрдугаарт бичигддэг япон улсын хувьд 65 болон түүнээс дээш насны ахмадуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаагаас энэ жилийн тухайд хүн амынх нь 28.6 хувийг өндөр настнууд эзэлж байна гэх тооцоо гарчээ.
Түүнчлэн хүн амын судалгааны үндэсний хүрээлэнгийн танилцуулснаар тус улсын нийт хүн амд ахмадуудын эзлэх хувь 2025 он гэхэд 30 хувь, 2040 он гэхэд 35 хувьд хүрэх төлөвтэй байна.
Хүн амын насжилт нэмэгдэж, төрөлт багасан, ажиллах хүчний хомсдолд ороод байгаатай холбогдуулаад Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, цэцэрлэг, хүүхэд харах төвүүдийн тоог нэмэгдүүлэх зэргээр төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа юм.