Улсын онцгой комиссын холбогдох шийдвэр болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар нэгдүгээр сарын 27-ны өдрөөс тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэхтэй холбоотой бүх төрлийн сургалт болон шалгалт зохион байгуулах үйл ажиллагааг зогсоож, сургалтын бүртгэлийн программыг түр хаах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор үнэмлэх хэвлэх үйл ажиллагааг 3-р сарын 20-ноос хойш зогсоосноос хүлээгдэл үүсээд байна. Тодруулбал Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд ангилал ахиулсан, үнэмлэхээ хаяж гээсэн, хугацааг нь сунгуулах гэсэн шалтгаантай нийт 5000 орчим үнэмлэх хэвлэлтийн захиалгын хүлээгдэл үүссэн байна.
Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв жолооч бэлтгэх, үнэмлэх олгох хэвлэх үйл ажиллагааг зохион байгуулж хяналт тавьж ажилладаг. Тэгвэл Ковид-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан жолооны үнэмлэх хэвлэх түүхий эд бэлдэцийн хангамж тодорхой хэмжээгээр тасалджээ. Үүнтэй холбоотойгоор энэ оны 3-р сарын 20-ноос хойш үнэмлэх хэвлэлтийн үйл ажиллагааг зогсоосон байна. Харин үнэмлэхийн хугацаа дууссан, хаясан гээсэн үнэмлэхийг хэвлэх захиалгыг авч байгааг ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөс мэдээлж байна.
Жолооч бэлтгэх үйл ажиллагаа, шалгалтыг зогсоосноос үүдэж жолооний шалгалт өгөх эрх үүссэн 22 мянган суралцагчийн шалгалтын үйл ажиллагаа хүлээгдэлтэй байгаа юм. Сургалтын үйл ажиллагаа нээгдсэнээр эдгээр суралцагчийн шалгалтын ажиллагааг зохион байгуулж үнэмлэх олгох үйл ажиллагааг зохион байгуулах юм. Харин жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дуусаад захиалга өгсөн жолоочдын тухайд торгууль шийтгэл ногдуулахгүй байхаар зохицуулж байгааг мэдээллээ.
Жил бүр шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, эрх сэргээсэн, хаяж гээсэн, хугацаа нь дууссан шалтгаанаар 180-240 мянган жолоодох эрхийн үнэмлэх хэвлэдэг байна. Энэ жилийн тухайд ковид 19 халдвар дэгдсэнтэй холбогдуулан түүхий эдийн бэлдэц тасалдсан, сургалтын үйл ажиллагаа бүртгэлийг зогсоосонтой холбогдуулан жолоодох эрхийн үнэмлэх хэвлэлт хүлээгдэл үүсээд байна.