Өнгөрөгч ням гарагт Хонконгт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар 300 орчим хүнийг баривчиллаа гэж тус хотын хууль сахиулах байгууллагын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Бүгд Найрамдах Хятад ард улсын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл болон тус мужийн хууль тогтоогчдын сонгуулийг нэг жилээр хойшлуулсныг эсэргүүцсэн иргэд Коулун хойгийн дүүрэгт цугласан нь энэ байжээ. Энэ сарын 6-нд болох ёстой байсан хонконгийн хууль тогтоогчдын сонгуулийг ковид-19 цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсанд бухимдсан ард иргэд дахин жагсаал цуглаан зохион байгуулжээ. Өчигдөр болсон уг эсэргүүцлийн жагсаалд хэдэн зуун хүн оролцож, жагсаалын үеэр жагсагчид цагдаагийн алба хаагчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна.Жагсагчдыг тараах зорилгоор цагдаагийн алба хаагчид нулимс асгаруулагч хийг ард иргэд рүү цацжээ. Эх газрын хятадын засгийн газрын дэргэдэх тусгай хүчний анги нэгтгэлээс хууль бус жагсаалд оролцсон хэргээр өчигдөр орой 300 орчим хүнийг баривчилснаа хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Түүнчлэн бие даасан байдлыг дэмжихийг уриалсан нэгэн эмэгтэйг үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж баривчилжээ.Тус хуулийн тухайд, Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулах үйлдэл буюу салан тусгаарлах үзэл, зэвсэгт мөргөлдөөн, төрийн эрх мэдлийг булаах, бүгд найрамдах хятад ард улсын эсрэг гаднын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэргээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэсэн юм. Мөн дээрх зөрчлийг гаргасан гэмт этгээдүүдийг бүх насаар нь хорих заалтыг тусгажээ. Олон улсын зүгээс Бүгд Найрамдах Хятад ард улсын санаачилсан хуулийн төсөл нь хонконгийн өөртөө засах статусыг зөрчиж, хүний эрхэнд халдаж байна гэж үзэж байгаа. Бүтэн нэг жилийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас ард иргэдийн амар тайван байдал алдагдуулсан болон өмч хөрөнгө эвдэн сүйтгэсэн хэргээр 9500 гаруй хүнийг хонконгийн хууль хүчний байгууллагууд баривчилсан гэх тооцоо байна.
