Турк улсад болсон газар хөдлөлтийн улмаас 79 хүн амиа алджээ

Өнгөрөгч баасан гарагийн үдээс хойш Туркийн баруун нутагт 6.7 магнитуудын хүчтэй газар хөдөлсний улмаас тус улсын Измир мужид 20 орчим байшин нурж, 79 хүн амиа алджээ.

Тус байгалийн гамшигт үзэгдлийн дараа Турк улсын аврагчид нуранги дороос энгийн номхон ард иргэдийг эрж хайх, аврах ажилд 5 мянган аврагчийг дайчилж, 100 орчим хүнийг аварч чадсан байна.

Одоогийн байдлаар нурж сүйдсэн есөн байшинд аврах ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 962 хүн хүнд болон хөнгөнөөр гэмтэж, ойролцоох эмнэлэгт хүргэгджээ. Харин Туркийн ерөнхийлөгч Эрдоган байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн оршин суугчдад эмгэнэл илэрхийлж, аврах ажиллагаанд зориулан 358 мянга орчим америк доллар зарцуулахаар болсноо мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтийн төв цэг нь Турк улсын Измир мужийн Сеферихисар хотоос 21 км-ын зайд байрлах Эгийн тэнгисийн 17 км-ын гүнд бүртгэгджээ. Газар хөдлөлтийн чичиргээ 15 секунд орчим үргэлжилсэн бөгөөд Туркээс гадна Грек улсын Афин хотод мэдрэгдэж, тус улсын 20 орчим хүн бэртэж. 2 хүн амиа алджээ.

Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт оршдог Турк, Грек улсад газар хөдлөлт байнга тохиолддог бөгөөд хамгийн сүүлд 1999 онд Туркийн баруун хойд хэсэгт хоёр удаа хүчтэй газар хөдлөхөд 18,000 орчим хүн амиа алдаж байсан байна.