Иргэд: Бүртгэлээ хийлгээгүй, сүлжээгүй гэх шалтгаанаар хөнгөлөлттэй эм олгож буй эмийн сан ховор байна

Энэ сараас эхлэн иргэд хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бүх шатны эмнэлгийн эмчээр жор бичүүлж, дурын эмийн сангаас авах боломж бүрдэх учиртай. Гэвч сарын эхний өдрүүдийн  байдлаар өрхийн эрүүл мэндийн төвд хөнгөлөлттэй эм бичүүлхээр дугаарласан иргэд олон  байсан юм.  Иргэд эмийн жороо бичүүлсэн ч дийлэнх эмийн сан  бүртгэлээ хийлгээгүй, сүлжээ тасарсан гэх зэрэг шалтгаанаар хөнгөлөлттэй эм олгохгүй байгаа талаар хэлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөнгөлөлттэй эмтэй холбоотой зохицуулалтууд хийгдсэн бөгөөд  даатгал төлөгч, хөнгөлөлттэй эм авдаг иргэдэд тулгардаг хүндрэлийг бууруулах зорилготой юм. Гэсэн хэдий ч энэхүү зохицуулалт эрүүл мэндийн даатгалын төлөвлөлтийн дагуу хэрэгжихгүй байгаагийн дээр бүх эмийн сангаар олгогдохгүй байгаа, мөн урьд урьдныхаас хэцүү болсон талаар иргэд хэлж байна. Тэгвэл бид эрүүл мэндийн  даатгалын ерөнхий газраас тодруулахад өмнө нь улсын хэмжээнд 1000 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эм олгодог байсан. Харин нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эм олгох бүртгэлээ хийлгэж,одоогоор 1600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эм олгох эрхээ баталгаажуулсан байгаа гэсэн хариу өгсөн юм. Иймээс  хөнгөлөлтэй эм олгохоор бүртгэл хийлгээгүй эмийн сангууд эм олгох бүртгэлээ  нэн даруй хийлгэж баталгаажуулах, мөн  эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудын нэр, байршлын талаарх мэдээллийг иргэдэд дэлгэрэнгүй мэдээллэх шаардлагатай байна.