Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэгэн үйлчилгээг бие дааж авахад хүндрэлтэй байсаар байна

Бидний өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй бүхий л зүйлс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч мөн адил тэгш хүртээмжтэй байх шаардлатай. Хамгийн энгийнээр явган хүний зам, нийтийн тээвэр, гэрлэн дохио болон аливаа үйлчилгээний газрын орох, гарах хаалга, шат зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар нэг хүндрэл учруулахгүй байх ёстой хэдий ч Улаанбаатар хотын тухайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэгэн үйлчилгээг бие дааж авахад хүндрэлтэй байсаар байна.

-Монгол улсад энэ оны байдлаар 107 мянга 75 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн судалгаа байна.

-Эдгээр иргэдийн  40 хувь нь төрөлхийн харин  60 хувь нь олдмол тохиолдлоор хөгжлийн бэрхшээлтэй болсон гэсэн харамсалтай тоо байна.

-Тэгвэл эдгээр иргэдээс  40 хувь нь буюу 42 мянга гаруй нь улаанбаатар хотод оршин суудаг гэсэн бүртгэлтэй бол бусад аймгуудад  хөгжлийн бэрхшээлтэй 2500-3500 иргэн байна.

-Харин  улсын хэмжээнд тулгуур эрхтний бэрхшээлтэй 23 мянга 974 иргэн байгаа юм. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, Нийтийн тээвэр, Гэрлэн дохионы хүртээмж дутагдалтай байдаг. Үүний нэг бол тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замын хүрэлцээний асуудал юм. Тодруулбал албан байгууллагуудын орох, гарах гарц, шат зэрэгт тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу зам байдаггүй. Харин  байгаа налуу замуудын тухайд  хэт огцом, өндөр, нарийн зэрэг стандартын шаардлага хангадаггүй байна. Бас нэгэн бэрхшээл бол нийслэл хотын өрхийн эрүүл мэндийн төвүүд ихэнх нь 2 давхарт байрладаг. Өрхийн эрүүл мэндийн төвөөс үйлчилгээ авхаар ирсэн иргэд заавал эмч,сувилагчийг нэг давхар бууж ирэх хүртэл хүлээхээс өөр аргагүйд хүрдэг байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас эхний байдлаар Монгол улсын 16 яамны тэргэнцэртэй иргэдэд үйлчлэх налуу замын хүртээмжид судалгаа явуулсан байна. Судалгааны дүнгээр ердөө 4 яам л хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хүртээмжтэй гэж гарчээ. Монгол улсын барилгын дүрэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрмийн талаар стандартыг зааж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч стандартын дагуу мөрдөгдөхгүй байна. Иймээс төрийн болон хувийн хэвшлийн  аж ахуй нэгж, байгууллагууд эдгээр стандартыг, стандартын дагуу мөрдсөнөөр тэргэнцэртэй иргэд бие даан нийгмийн харилцаанд оролцох боломжийг бүрдүүлэх юм.