Хүүхэд хамгааллын тухай хууль бодит байдал дээр хэрэгжихгүй байна

2019 оны 11 дүгээр сард хуралдсан Юнеско-ийн 40 дүгээр чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 5-ны өдрийг "Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэх, цахим дарамтыг устгах олон улсын өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар холбогдох байгууллагуудтай хамтран нийслэлийн ерөнхий боловсолын 31 дүгээр сургуульд, сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд сургуулийн орчинд дээрэлхүүлсэн, хүчирхийлэлд өртсөн сурагчдын ихэнх нь 14 настай хүүхдүүд байсныг онцолж байсан юм. Судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн орчинд дээрэлхүүлсэн, хүчирхийлэлд өртсөн сурагчдын ихэнх нь 14 настай хүүхдүүд байдаг юм байна. Мөн 6, 8, 10-р ангийн 11-16 насны 1,236 сурагчийг хамруулсан судалгаанаас үзэхэд 37.9 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан, 40,7 хувь нь бусад хүүхдийг зодуулж дээрэлхүүлж байхыг харсан  гэж хариулсан байдаг юм байна. Тэгвэл Монгол улсын хувьд хүүхэд хамгааллын тухай хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч бодит байдал дээр төдийлөн үр нөлөөтэй ажил хэрэг болдоггүйг албаны хүн хэлсэн юм. Харин сүүлийн жилүүдэд хүүхдүүд цахим орчинд нэгнийгээ залилах, доромжлох гэх мэт гэмт үйлдлүүд улам нэмэгдэж байгаа гэлээ. Тэгвэл дээрх үйлдлүүдийг таслан зогсоох нь зөвхөн нийгмийн ажилтны үүрэг биш юм. Харин нийгмийн ажилтан, эцэг эх, хүүхдүүд хоорондын ойлголцол, хамтын ажиллагаагаар сайн үр дүнд хүрнэ гэдгийг онцолж байсан юм. Хүүхэд бие, сэтгэл санааны болон ямарваа нэгэн байдлаар хохирох нь агшин зуурт болоод өнгөрөх  биш харин насан туршдаа тээх сэтгэлийн шарх болж үлддэг бөгөөд үргэлж түүндээ эмзэглэдэг талаар мэргэжилтнүүд хэлж байна.