Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байгаа дараагийн арга хэмжээ бол усны үнийг тэглэхээр шийдвэрлэсэн явдал юм.
- 2018 оны судалгаагаар манай улсад орон сууцанд амьдардаг 1 хүн хоногт дунджаар 130 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо байна.
-Харин гэр хороололд амьдардаг нэг хүн дунджаар 7-8 литр ус хэрэглэдэг байна.
- Энгийн өдрүүдэд нийслэлчүүдийн усны хэрэглээ хоногт 140-148 мянган шоо метр куб байдаг байна.
- Харин өчигдөр буюу 12-р сарын 13-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд усны хэрэглээ хоногт 153 мянган шоо метр куб болж нэмэгджээ.
Төр засгаас Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд иргэдийн амьжиргаа, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор усны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан учраас ард иргэд та бүхнийг үнэгүй гээд усаа ариг гамгүй зарцуулахгүй байхыг уриалж байна. Улаанбаатар хотод орон сууцанд амьдардаг хүн нэг литр усны зардалд 0,71 мөнгө төлдөг бол гэр хороололд амьдардаг хүн нэг литр усыг 1 төгрөгөөр худалдан авдаг. Тэгвэл засгийн газрын шийдвэр гарснаас хойш Улаанбаатар хотын усны хэрэглээ хоногт 5-13 мянган шоо метр кубээр нэмэгджээ. Мөн гэр хорооллын худгийн ачаалал нэмэгдсэн байна. Хэрэв усыг их хэмжээгээр авч, хэрэглээгүй удсан тохиолдолд усанд нян, бактери үржих эрсдэлтэй юм. Усны хэрэглээний төлбөр тэглэгдсэнтэй холбоотой хэрэглээ огцом нэмэгдвэл эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэлтэй. Иймээс усны хэрэглээгээ жирийн үеийнхтэй адил хэрэглэхийг ус сувгийн удирдах газраас уриалж байна.