Нарийн ногооны хомсдол үүсэж үнэ 3 дахин нэмэгджээ

Замын-үүд боомтоор орж ирэх нарийн ногоо тээвэрлэдэг автомашины тоог багасгаснаас Монгол улсад нарийн ногооны хомсдол үүсэж энэ төрлийн худалдаа эрхэлдэг зарим иргэд  лангуугаа хааж байна. Түүнчлэн олдоц нь хомс болсон нарийн ногоо замдаа олон хоносноос хөлдөж ирэхийн зэрэгцээ 3 дахин үнэтэй ирж байгааг худалдаачид хэлж байна.

-Манай улсын нарийн ногооны жилийн хэрэгцээ 21 мянга тонн байдаг байна.

-2020 онд 27.4 га өвлийн хүлэмж, 68.5 зуны хүлэмж нийт 95.9 га хүлэмжийн тариалалт хийж 5303 тонн нарийн ногоо хурааж авсан нь дотоодын хэрэгцээний  ердөө 25 хувийг хангажээ.

-Харин манай улс 2019 онд бүгд найрамдах хятад ард улсаас 15500 тонн нарийн ногоо импортоор авсан байна.

-Тэгвэл өнгөрсөн 10 дугаар сард 3700 тонн нарийн ногоо импортоор авч байсан бол  сүүлийн нэг сарын хугацаанд 3 дахин бага буюу 1200 тонн нарийн ногоо импортолжээ.  

Харин нарийн ногооны үнэ нэмэгдсэн асуудалд иргэд бухимдалтай хандаж байгаа учраас худалдаачид ногоогоо авсан үнээрээ худалдан борлуулж байгаа талаараа хэлж байна.

П. Оюунчимэг 30 жил нарийн ногоо зарж байгаа. Тэрээр сарын 2 сая төгрөгийн түрээстэй нарийн ногооны лангуу ажиллуулдаг. Хүнсний салбар учраас хөл хорионы үеэр үйл ажиллагаа явуулсан. Гэвч сүүлийн нэг сард нарийн ногооны импорт 3 дахин багассанаас болоод түүний лангуу ногоогүй болжээ. Мөн замдаа олон хоносон нарийн ногоо нь хөлдөж хорогдол ихтэй ирэхийн зэрэгцээ 3 дахин үнэтэй ирж байгаа юм байна. Жишээлбэл 1 сарын өмнө брокли 3500 байсан бол одоо 10500 төгрөг, өргөст хэмх 4000 төгрөг байсан бол 12000 гээд бүх ногоо 3 дахин үнэтэй иржээ.  Лангуугаа хаахгүйн тулд үнэтэй  3 дахин үнэтэй ирсэн ногоогоо авсан үнээрээ  зарах тохиолдлууд гарч байгаа гэлээ. Учир нь иргэдийн тухайд  үнэ нэмэгдэж ирснийг ойлгохгүй, нарийн ногоо худалдаачдад бухимдалтай хандаж байна гэсэн юм

Манай улс Ковид-19 халдвар дотоодод бүртгэгдэхээс өмнө буюу 2020 оны 10 дугаар сард:

Чинжүү - 1700 тн

Броккли - 22 тн

Өргөст хэмх -38,7 тн

Улаан лооль -37,7 тн

Навчит байцаа, бууцай, юуцай-1900 тн- ийг импортолжээ.

Харин энэ сарын 1-ээс өнөөдрийг хүртэл чинжүү - 285 тн

Броккли - 4,6 тн

Өргөст хэмх --7,9 тн

Улаан лооль --4,8 тн

Навчит байцаа, бууцай, юуцай--323 тоннийг импортолжээ.

Харин холбогдох яамнаас нарийн ногооны импортыг хэвийн болгохоор ажиллаж байгаа гэсэн тайлбарыг өгсөөр байгаа юм. Тэгвэл нарийн ногоо худалдаачдын зүгээс төр засгийн шийдвэр бодит байдалтай нийцэхгүй, зөв зохицуулалт хийж чадахгүй байгаа талаар хэлж байна.