Өчигдөр нарны аймгийн хамгийн том хоёр гараг болох Санчир, Бархасбадь дэлхийтэй нэг шугамд зэрэгцэж одон орон судлаачдын хувьд түүхэнд тэмдэглэгдэх өдөр болж байна. Уг хоёр гараг нь хоорондоо байнга зөрж, 20 жил тутамд нэг шугамд зэрэгцдэг ч энэ жилийн "их давхцал"-ын тухайд Бархасбадь болон Санчир гараг сүүлийн 400 гаруй жилд энэ хэмжээний ойрхон зөрөөгүйн зэрэгцээ 800 гаруй жилийн дараа шөнийн тэнгэрт нэг шугамд зэрэгцэх болсон гэдгээрээ онцлог байгаа юм. 1610 онд Италийн одон орон судлаач Галилео Галилей телескопоор Бархасбадь гарагийн 4 дагуул болох Ио, Европа, Ганимед, Каллистог нээж байсан юм. Мөн тэр жилдээ Галилей Санчир гарагтай холбоотой хачирхалтай зүйл нээсэн нь тус гарагийн цагираг бөгөөд эдгээр нээлтүүд хүн төрөлхтний нарны аймгийн тухай ойлголтыг эрс өөрчилж байжээ. Үүнээс 13 жилийн дараа нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадь гараг нь Санчир гарагтай хамгийн ойрхон зэрэгцэн үзэгдсэн юм. Энэхүү давхцлыг одон орон судлалд "их давхцал" гэж нэрлэдэг. Үүний дараа тус хоёр гараг нь хоорондоо байнга зөрж, 20 жил тутам нэг шугамд зэрэгцдэг гэдгийг одон орон судлаачид тогтоосон ч сүүлийн 400 гаруй жилд энэ хэмжээний ойрхон зөрсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Тэгвэл энэ удаагийн "их давхцал" нар жаргаснаас хойш хагас цагийн дараа тэнгэрийн хаяаны баруун өмнөд хэсэгт хурц гэрэлтэй нэг том од мэт харагдахаас гадна дэлхийн аль ч хэсгээс шууд харах боломжтой. Харин экваторын шугамд ойртох тусам энэ үзэгдэл тэнгэрийн хаяанаас дээш өндөрт ажиглагдах бол хойшлох тусам тэнгэрийн хаяанд ойрхон ажиглагдана гэж одон орон судлаачид онцолжээ. Түүнчлэн телескопын тусламжтайгаар Бархасбадь, санчир гарагийн дагуулуудыг харах боломжтойгоос гадна Наса болон Япон улсын сансар судлалын Жакса агентлаг "их давхцал"-ыг өөрсдийн цахим хуудсаар шууд дамжуулахаар болсон байна. Тэгвэл түүхэнд 3 гараг нэг шугамд зэрэгцэх үзэгдэл ажиглагдахад есүс мэндлэх, аль нэг соёл иргэншил сүйрэх, их түймэр, үер зэрэг дэлхийд томоохон үйл явдалд тохиолдоно гэж үздэг байжээ. Сонирхуулж хэлэхэд, 800 гаруй жилийн өмнө буюу 1226 онд шөнийн тэнгэрт 3 гараг анх удаа зэрэгцэх үед их эзэн богд Чингис хаан Монголын эзэнт гүрнийг удирдаж байсан гэж түүхэнд тэмдэглэн үлджээ. Хэдий манай дэлхийгээс харахад аварга том гарагууд маш ойрхон харагдах ч, сансар огторгуйд хоорондоо хэдэн зуун мянган километрийн зайтай оршиж байгаа юм.