Хүнсний хаягдлыг бордоо болгон ашиглах сайн жишээнүүдийг иргэд хэрэгжүүлж эхэлжээ

Манай улс хог хаягдлын тухай хуулиа 2017 онд шинэчлэн баталжээ. Тус хуулийн 16 дугаар зүйлд  энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах тухай заасан байдаг бөгөөд иргэн бүр гаргаж байгаа хог хаягдлаа ангилан хаях үүрэг хүлээхийг заажээ.

- Манай улс нэг жилд нийт 1,5 сая тонн хог хаягдал гаргадаг юм байна.

-Тэгвэл нийт хог хаягдлын 85 хувь буюу 1,2 сая тонныг нь дахин боловсруулах боломжтой байдаг байна.

-Гэвч одоогоор манай улс дахин боловсруулах боломжтой хог хаягдлын ердөө 24 хувийг буюу 288 мянган тонн хогийг дахин боловсруулж байна.

- Хог хаягдлыг дахин боловсруулах 30 гаруй жижиг дунд үйлдвэр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд цаас, хуванцар, дугуй, гялгар уут, хайлш, малын түүхий эд, цэвэрлэх байгууламжийн лаг, цахилгаан станцын үнс зэрэг маш олон төрлийн хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хог хаягдлыг хэрхэн ялгах, ангилах тухай журмыг аливаа нутаг дэвсгэрийн засаг захиргаа болон салбарын яам дотооддоо боловсруулж байх чиглэлтэй байдаг. Тухайлбал эрүүл мэндийн байгууллага гэхэд гарч байгаа хог хаягдлаа байгаль орчинд үзүүлэх хортой чанараас шалтгаалж аюултай болон энгийн гэж ялган хэрхэн булшлах, дахин ашиглаж болох эсэхийг шийдвэрлэнэ. Харин аймгуудын хувьд хогийг хэрхэн ангилах, дахин боловсруулахыг засаг даргын захирамжаар шийдвэрлэдэг байна. Тэгвэл нийслэл хэмжээнд ялгаруулж байгаа хог хаягдлыг хэрхэн ялгах тухай журамд нийтийн орон сууцны айл өрх хог хаягдлыг 3 хэсэгт ялгаж ангилах тухай заасан байна. Тодруулбал цаасны хог хаягдлыг цэнхэр өнгийн уут саванд хийх бол, хуванцар хаягдлыг ногоон, хүнсний буюу нойтон хаягдлыг бор өнгөөр ялган ангилах юм. Харин гэр хорооллын айл өрхүүд дээрх ангиллыг дагаж мөрдөхийн зэрэгцээ галлагаанаас гарсан үнсийг бусад хог хаягдлаас тусад нь хаяж байх шаардлагатай байдаг байна. Гэвч зарим иргэдийн хэлж байгаагаар хог хаягдлыг ялган ангилдаг боловч хогийг зөөвөрлөх машин бүх хаягдлыг холиод ачдаг бөгөөд дахин боловсруулалгүй хогийн цэгт хаядаг гэдгийг хэлж байсан юм. Харин холбогдох байгууллагаас мэдээлэл өгөхдөө ирэх оноос эхлэн иргэдийн ялган ангилсан хогийг ачиж зөөвөрлөх гарагийн хуваарь гаргана гэсэн юм. Тухайлбал зөвхөн баасан гарагт цаасны хог хаягдлыг ачих бол, бямба гарагт хуванцар хог хаягдлыг ачих байдлаар зохицуулалт хийнэ гэсэн юм. Одоогоор хог хаягдлыг ялган ангилдаг 300 гаруй сууц өмчлөгчдийн холбоо болон аж ахуйн нэгж, иргэн байдаг юм байна. Мөн иргэдийн дунд хог хаягдлыг бордоо болгон ашигладаг сайн жишээнүүд байна. Тодруулбал иргэн давааням хүнсний ногооны хальсыг хатааж бордоо болгох зорилгоор нийт 7 сарын турш хүнсний ногооны хальсыг хаяхгүйгээр хурааж байгаа гэсэн юм. Ногооны хальс зуны улиралд 7-8 хоногийн хугацаанд бүрэн хатдаг бол өвлийн улиралд 1-3 хоногийн хугацаанд хатдаг гэлээ. Мөн хатаасан хальснаас эвгүй үнэр огт гардаггүй болохыг хэлсэн юм. Мөн өөр нэгэн сайн жишээг дурдвал иргэн Ууганцэцэг хүнсний хаягдлыг шууд бордоо болгох аргыг  өөрийн сургалтыг төвөөрөө дамжуулан хүүхэд залуучуудтай хамтын хийж хэрэгжүүлж байгаа юм байна. Тухайлбал хүнсний хог хаягдлаар чийгийн улаан хорхойг тэжээж, ялгадсыг нь бордоо болгон ашиглаж байгаа юм байна.