Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын чанарын индекс нэмэгдэж зарим газруудад маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрчээ. Тэгвэл агаарын чанарын индекс өндөр байгаа нь агаар бохирдуулагч бодисын хэмжээ ч мөн өндөр байгаагаас шалтгаалдаг байна. Энэ нь амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Агаар.мн сайтад Улаанбаатар хотын 12 байршлын агаарын чанарын индексийг харуулдаг.
-Агаарын чанар 0-50 хооронд байвал цэвэр бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн үг. Гэвч галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт "цэвэр" үзүүлэлттэй бүс байхгүй байна.
-Харин 51-100-ийн хооронд хэвийн хэдий ч хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатай болж эхэлдэг. Харин өдрийн 12 цагийн байдлаар энэ үзүүлэлттэй ангилалд ердөө ганцхан байршил буюу мишээл экспо орчмоор хэвийн байна.
АЧИ 101-200-ын хооронд байвал бага бохирдолтой, 201-300 хооронд байвал бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг, 301-400-ийн хооронд байвал их бохирдолтой, 401-500 хооронд маш их бохирдолтой бөгөөд хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг байна. Агаарын бохирдол үүсгэдэг 5 бодис байдаг бөгөөд тоосонцор, oзон, нүүрс төрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, азотын давхар ислүүд юм. Эдгээр бодисын хэмжээ нэмэгдэж байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл ч мөн адил нэмэгдэж байгаа юм.
Тэгвэл агаарын бохирдлоос иргэд өөрсдийгөө хамгаалахдаа аль болох гадаа олон цагаар байхгүй байх, зөв амны хаалтыг сонгож хэрэглэх ёстой юм. Харин Ковид-19 халдварын эрсдэл бүхий энэ үед утаа шүүгч бүхий хавхлагатай амны хаалт бус нэг удаагийн амны хаалт болон N95 амны хаалтыг сонгож хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Эдгээр амны хаалтууд нь мөн адил агаарын бохирдлоос сэргийлэх юм.