Дэлхийн банкнаас 50.7 сая Ам.Долларын зээл авч, цар тахлын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр засгийн газар төлөвлөсөн. Энэ санхүүжилтээр нийт иргэдийнхээ 60 хувийг вакцинд хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авахаар тооцоод байгаа. Одоогоор төслийг УИХ-ын холбогдох байнгын хороод зөвшилцөж, дэмжсэн бөгөөд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай ерөнхий сайдын захирамж гарах ажил хүлээгдэж байна. Манай улс нийт хүн амынхаа 60 хувийг буюу 18-аас дээш насанд хүрсэн иргэдээ дархлаажуулалтын тухай хуулийн дагуу тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгад үнэ төлбөргүй хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний тулд 50 сая гаруй америк доллар шаардагдах тооцоо гарсан бөгөөд санхүүжилтийг Монгол улс болон олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтээр хэлэлцээрийн төслийн хүрээнд хүрээнд авахыг холбогдох байнгын хороод болон засгийн газрын хуралдаанаар дэмжээд байгаа. Тэгвэл 50.7 сая Ам.Доллараас вакцин худалдан авахад 19 сая ам.доллар, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийхэд 13 сая Ам.Доллар, эмч, эмнэлгийн 8000 орчим мэргэжилтнийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагаанд 7 сая ам.доллар, вакцин хадгалах хөргүүр, нэгдсэн төвийн өргөтгөл, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд 1.5 сая ам.доллар зарцуулна гэж тооцсон. Харин нийт вакцины 20 хувийг Ковакс хөтөлбөрийн хүрээнд авч, 4 ангилалтайгаар иргэдийг вакцинд хамруулна. Харин БНЭУ, БНХАУ-аас тодорхой хэмжээний вакциныг бэлэглэнэ гэж мэдэгдсэн. Блүүмбэргийн мэдээллээр, вакцин худалдан авах гэрээ хийсэн улс орнуудын статистикаас харахад монгол улсыг хүн амын 5 хувь буюу 165 мянган хүнээ вакцинд хамруулахаар гэрээ байгуулсан гэж мэдэгдээд байна. Тэгвэл өмнөх засгийн газарт Covid-19 цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсгийг ахалж байсан Ч.Хүрэлбаатар 2021 оны 1-р сарын 26-нд дараах байдлаар тайлбарлаж байжээ. Өнөөдрийн байдлаар засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Covid-19 цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсгийн бүтцэд өөрчлөлт орсон байна. Тэгвэл Covid-19 халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, монгол улсын шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллана. Тэгвэл 2-р сарын 2-нд тухайн ажлын хэсгийн ээлжит хурал болж, монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцсон байна. Энэ үеэр ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрүүдийг ч эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй гэжээ.