Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 3-р сард эхлүүлж, хэсэгчилсэн байдлаар зам хаана

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг шинэчлэх ажил жил гаруйн хугацаанд өрнөж, өнгөрөгч оны 11-р сард түр нээгээд байсан. Харин энэ сард авто замын барилгын ажлыг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан замыг хэсэгчилсэн байдлаар хаах юм байна. Улмаар 204 км автозамаас 100 км буюу 3 багц замыг 7-р сарын 1-ээс өмнө албан ёсоор ашиглалтад оруулах юм байна. АХБ-ны зээлээр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд, Улаанбаатар-Дархан чиглэлд 204 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2019 оны 6-р сарын 17-нд эхлүүлсэн. Улмаар 204 км замын төслийг 5 багцад хувааж, Улаанбаатар-Баянчандмань, Хар модотын даваа-Урьхан, Урьхан-Сүмбэрийн уулзвар, Сүмбэрийн уулзвар-Цайдамын хөндий, Цайдамын хөндий-Дарханы тойрог уулзвар хүртэлх зайнд 4 компанид тендер олгосон. Одоогоор Улаанбаатар-Баянчандмань, Урьхан-Сүмбэрийн уулзвар, Цайдамын хөндий-Дарханы тойрог уулзвар гэх 1, 3, 5-р багц замын суурийн ажил бүрэн хийгдсэн. Нийт ажлын гүйцэтгэл 75.22 хувьтай байна. Харин 2, 4-р багц замын ажлыг гүйцэтгэх компани монголын туслан гүйцэтгэгчгүй гэх шалтгаанаар бүрэн зогссон байдалтай байгаа юм. 3-р сард тендер зарлаж, компанийг шалгаруулах юм байна. Одоогоор 3-р сарын 15-аас бүх хэсгийн зам барилгын ажлыг төслийн талбайд эхлүүлэхээр төлөвлөжээ. Замын бүтээн байгуулалтын ажил эхэлмэгц өнгөрсөн оных шиг нөхцөл байдал үүсэхгүй. Харин газар, шорооны ажил хийгдэх 2, 4-р багц зам буюу Хар модотын даваа-Урьхан, сүмбэрийн уулзвар-Цайдамын хөндий замыг хэсэгчилсэн байдлаар хаах юм байна. Зам барилгын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж, туслан гүйцэтгэгчээр монгол компаниуд ажиллаж байгаа. Өнгөрсөн онд хил хаасантай холбогдуулан хилийн чанадаас ирж ажиллах инженер техникийн ажилчдын ажил оройтож эхэлсэн. Харин авто замын бүтээн байгуулалтын ажлыг 3-р сард эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан гадаад мэргэжилтнүүдийг ирүүлэх ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулна.