“Ковид-19”-ийн халдварын гарал үүслийг тогтоох зорилгоор БНХАУ-д ажилласан ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн багийн тайланг энэ сарын 14-өөс хойш нийтэлнэ гэж холбогдох албаны хүмүүс мэдээлжээ. ДЭМБ-ын шинжээчдийн баг өнгөрөгч нэгдүгээр сарын 14-ий өдөр “ковид-19”-ийн халдварын гарал үүслийг судлахаар БНХАУ-ын Ухань хотод очиж, тэд 14 хоног тусгаарлагдсаныхаа дараа 2019 оны 12 дугаар сард вирусний халдвар анх бүртгэгдсэн далайн гаралтай бүтээгдэхүүний "хуанань" зах, халдварт өвчний хэд хэдэн эмнэлэг, Ухань хотод вирус судлалын хүрээлэнд ажиллажээ. Хоёрдугаар сарын 9-ий өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр олон улсын шинжээчид цар тахлын эх үүсвэрийг тогтоож чадаагүй гэж мэдэгдсэн боловч БНХАУ-ын шинжээчидтэй хамтран ажиллах явцдаа халдвар тархах гол таамаглалыг тодорхойлж чадсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хамгийн магадлалтай хувилбар бол вирус зэрлэг амьтнаас өөр амьтанд дамжин хүнд халдсан гэх таамаг байгаа аж.