АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа БНАСАУ-ын засгийн газартай энэ оны хоёрдугаар сараас эхлэн холбоо тогтоохыг зорьж байгаа боловч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй талаар холбогдох албаныхан мэдээлжээ. Нийгмийн нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлэхийн тулд АНУ хэд хэдэн арга замаар Пёньянтай холбогдохыг оролдсон байна. Пёньяны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн тухай АНУ, БНАСАУ-ын хэлэлцээ 2019 оноос хойш зогсонги байдалд ороод байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хийсэн гурван удаагийн уулзалтаар энэ чиглэлд бага зэрэг ахиц дэвшил гарсан хэдий ч АНУ болон өрнөдийн орнуудын гол шаардлага болох Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм. БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Жо Байденыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоныг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа. АНУ НҮБ дэх БНАСАУ-ын төлөөлөгчдөөр дамжуулан Пёньянтай холбоо тогтоохыг оролдсон ч сүүлийн 12 сар гаруйн хугацаанд ач холбогдолтой хариулт ирүүлээгүй байна. АНУ, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос ард улсын тухайд 2018 оны 6-р сарын 12-нд анхны түүхэн дээд хэмжээний уулзалтаа Сингапурт зохион байгуулж, тус уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж байжээ. Тухайн үед Вашингтоны эрх баригчид тус улсад аюулгүй байдлын баталгаа олгосны хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг Умард Солонгос хүлээсэн юм. Дараа жил буюу 2019 оны хоёрдугаар сард Вьетнам улсын Ханойд болсон хоёр улсын хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөж байжээ.