Наурызын баярыг Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ нутгийн 300 орчим сая хүн тэмдэглэж байна

Казах түмний ёс заншил, соёл уламжлал, идээ ундааны соёл, ерөөл, магтаал, аман өв, гар урлал, зан үйлийн цогц илэрхийлэл болсон Наурызын баяр нь Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад багтдаг. 2009 онд ЮНЕСКО Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтдаа бүртгэсэн. Мөн 2010 онд НҮБ жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын Наурызын баярын өдөр” болгон тунхаглажээ. Тэгвэл Наурызын баярыг Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ нутгийн 300 орчим сая хүн тэмдэглэж байна. Харин Монгол Улсын нийт хүн амын 3.8 хувь буюу 120 гаруй мянга нь казах иргэн. Тэдгээрийн  77.7 хувь нь Баян-Өлгий аймагт, бусад нь Ховд, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотод оршин суудаг. Харин 21.2 хувь нь дээд боловсролтой, 49.3 хувь нь байнгын ажил эрхэлж байна.  Тэгвэл хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн 41.9 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ан агнуурын салбарт ажилладаг юм байна. Наурызын баярыг улс орнуудад Нарны, Хаврын баяр хэмээн янз бүрээр нэрлэдэг. Энэ нь өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр юм. Энэ өдөр ахсаа хүндэтгэх, найрамдаж нөхөрлөх, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн мөчлөгт хүний амьдралын аз жаргал, баяр баясгалан, ёс заншил, соёл уламжлалыг холбосны баяр гэж үздэг. Түүнчлэн Казах түмний дунд байдаг домог яриагаар 03 дугаар сарын 21-ний өдөр бурхан цэвэрхэн айлд орж ирвэл тэр жилдээ өвчин зовлонгүй, гай гамшиггүй, сайн сайхан байдаг гэлцдэг. Баярын өдөр айл бүр хоол ундаар элбэг дэлбэг байхын зэрэгцээ бие биенийдээ зочилж, амар мэндээ эрэн, ерөөл айлдаж, дуулж хуурддаг. Долоон төрлийн зүйлээр амталсан наурыз-көже буюу Наурызын шөлөөр зочдоо дайлах бөгөөд нар жаргах үед харилцаа тэмцээн буюу “Айтыс” эхэлдэг байна. Энэ жилийн хувьд Ерөнхий сайд улс төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг,  соёлын алдартан, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, азай буурлуудаар дамжуулан казах түмэнд Наурызын баярын мэндийг хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс хүргэв.  Улс орноо хөгжүүлэхийн төлөө эвийн хүчийг эрхэмлэн, эрдэм ухаанаа нэгтгэн амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлснийг  Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.