Дөрөвдүгээр сард 300 гаруй уулчин Эверестийг зорих төлөвтэй байна

Дэлхийн зулай гэгддэг, нутгийн нэршлээр Жомолунгма буюу Эверестийн ноён оргил цар тахлын тархалтын улмаас нэг жилийн дараа эргэн үүдээ нээжээ. Гэхдээ энэ удаад авирах уулчдад хатуу шаардлага тавьж байгаа юм байна. Хэдийгээр уулчид “Ковид-19” халдварын шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан ч түүнийг үл харгалзан долоо хоног тусгаарлагдах шаардлага тавьж байгаа юм байна. Балба улс өнгөрсөн оны гуравдугаар сард “Ковид-19”  халдварын тархалтын улмаас уулсаа хаагаад байлаа. Тус улсад нийт 276.2 мянган хүн цар тахлын халдварт өртөж, 3.019 хүн энджээ. Өнгөрсөн 10-р сард гэхэд Балбад халдварын тархалт оргил үедээ хүрч 5743 тохиолдол өдөрт бүртгэгдэж байжээ. БНЭУ-ын тусламжаар хандивласан Астразенека вакцинаар өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн иргэдээ дархлаажуулах болсноор шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо буурсан байна. Дөрөвдүгээр сараас эхлэн 8.849 м өндөрт авирахаар 300 гаруй уулчин Балба улсын нийслэл Катмандуг зорих төлөвтэй байна гэж тус улсын аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн хэлсэн байна. Уулчдын хувьд Эверестийн оргилд авирах жилийн хамгийн тохиромжтой хугацаа нь дөрвөөс тавдугаар сар байдаг юм байна. 2019 онд нийт 381 хүн Эверестийн оргилд гарах оролдлогыг хийсэн нь түүхэн дээд амжилт болжээ. Гэхдээ 2000 оноос хойш Эверестийн оргил дээр амь үрэгдсэн уулчдын тоо жил бүр дунджаар зургаагаас хэтэрдэггүй байсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар 11 жуулчин амиа алдсан харамсалтай мэдээ гарч байлаа. Гималайн уулсын хормойд орших Непал буюу Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба улсад уулчдын зорьдог дэлхий дээрх 14 оргилын найм нь оршдог байна. Гималайн нурууны ноён оргил болох Эверест рүү Балбын зүүн хойд хэсгээс авиралт хийхэд тохиромжтой байдаг аж. Гэхдээ БНХАУ-ын талаас Эверестэд авирах боломж энэ жил ч хаалттай байх учир Балбын талаас илүү олон хүн авирах төлөвтэй байгаа юм байна. Олон жилийн турш Эверестийн оргилын өндөрт маргаантай байсан Хятад, Балба улсууд өнгөрсөн 12-р сард хамтарсан мэдэгдэл гаргаж тус оргилыг 8848.86м гэж зарлаад байгаа. Энэ нь өмнөх өндрөөс 0.86 м-ээр нэмэгдсэн тооцоолол билээ. Монголын уулчдаас хамгийн сүүлд 2018 оны зун уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Эверестийн оргилд гарчээ. Ингэснээр тэрбээр Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн болсон байна.Түүнээс өмнө Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Баярсайхан нар дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй юм.