ФИФА-ийн сайтад Монголын шигшээ багийн тухай нийтэлжээ 

ОУХБХ (ФИФА)-ны албан ёсны www.Fifa.com вебсайтад Монголын хөл бөмбөгийн шигшээ багийн тухай нийтэлжээ (https://www.fifa.com/worldcup/news/bozik-s-spirited-mongolia-aim-high-in-history-making-campaign ). Тус нийтлэлд Монголын шигшээ баг шинэ дасгалжуулагч Растислав Бозикын удирдлагад ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтуудаа үргэлжлүүлэх гэж байгаа тухай онцлоод өмнө нь Эмиратын Абу Даби хот дахь Аль Вахда клубийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан тэрбээр есдүгээр сард Монгол улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон, түүний баг ирэх өдрүүдэд Тажикистан, Японы багуудтай тоглох гэж байгаа тухай эхэнд нь бичжээ. Мөн “2019 онд ДАШТ-ий Азийн бүсийн сонгон шалгаруулалт эхлэхэд Монголын баг Брунейн шигшээг талбайдаа 2:0-ээр хожиж, улмаар хэдий зочлон тоглолтод 2:1-ийн харьцаатай ялагдсан ч нийлбэр дүнгээр 3:2-оор хожсоноор анх удаа шат ахиснаас хойш 21 сарын дараа Зүүн Азийн баг ийнхүү энэ долоо хоногт эргэн тоглох гэж байна. Шинэ дасгалжуулагч Растислав Бозикын удирдлагад өрсөлдөх Монголын шигшээ баг пүрэв гараг (маргааш)-т талбайн эзэн Тажикистантай, тав хоногийн дараа хэсгийн тэргүүлэгч Японы багтай халз тулна. “Ковид-19” цар тахлын тахлын улмаас ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд нэг жилээр хойшилсон учир Бозикын хэлснээр баг нь эргэн талбайд гарахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. 43 настай словак дасгалжуулагч ФИФА-ийн вебсайтад өгсөн ярилцлагадаа “Дэлхий нийтэд хүнд үе тохиолоо. Богино лигийн тэмцээн, урт өвөл гээд бидний бэлтгэлд олон бэрхшээл тулгарсан. Гэвч бид үүнтэй дасан зохицож, хамгийн хүнд үеэ даван гарсан. Одоо харин тоглогчид маань эрч хүчээр дүүрэн байна. Цаашдаа ч бид шаргуу ажиллаж бүрэлдэхүүн маань өөрсдийн формоо хадгалах ёстой.” гэжээ. Бозик 18 жилийн дасгалжуулагчийн замналдаа өмнө нь Вьетнамын Донгтам Лонган, Эмиратын Аль Вахда клубуудээс гадна Малайзын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан гээд ихэнх хугацааг Азид өнгөрүүлжээ. Түүний хувьд замналдаа анх удаа үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож ажиллаж байгаа нь энэ юм. “Үндэсний шигшээ багийг удирдана гэдэг нэр төрийн хэрэг. Ялангуяа миний хувьд, Монгол улсад” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. “Би өмнө нь Монголын хөл бөмбөгийн холбоонд өсвөр үеийнхэн болон дасгалжуулагчийн боловсролд чиглэсэн удирдах ажил хийж байсан. Одоо харин насанд хүрэгчдийн шигшээ багт тохирсон тактик, төлөвлөгөө боловсруулж, сонгон шалгаруулж, шийдвэр гаргаж байна. Надад итгэл хүлээлгэсэнд талархаж байгаа” гэжээ. Монголын хөл бөмбөгчид Брунейн багийг ялснаар түүхэндээ анх удаа Азийн бүсийн сонгон шалгаруулалтын хоёр дахь шатанд шалгарсан тухай тэрбээр “Тэр ялалт Монгол улсад хэрэгтэй байсан дохиог өгсөн. Шигшээ багийнхан хөгжөөн дэмжигчдийнхээ зүрх сэтгэлийг байлдан дагуулсан бол эсрэгээрээ дэмжигчид нь тэдэнд урам зориг өгсөн.” гэж бодлоо хэлсэн байна. Тухайн үед Брунейн хаалганд 32 настай багийн ахлагч Н.Цэдэнбал хоёр гоол оруулсан бол 29 настай довтлогч Н.Наранболд мөн гоол багтаа авчирч байлаа. Улмаар хоёр дахь шатны тоглолтуудыг ч гайхалтай эхлүүлж талбайдаа 1:0-ийн харьцаатай Мьянмарын багийг буулган авахад 20 настай А.Дөлгөөн хожлын гоолыг оруулж байв. “Эдгээр гурван тоглогч энэ удаад ч багт чухал үүрэгтэй хэвээрээ байна. Үнэндээ тэд бол багийн гурван үеийн төлөөлөл. Өөрөөр хэлбэл бидэнд эрч хүчтэй шинэ залуус байхад тэдэнд туслах туршлагатай тоглогчид ч бий.” хэмээн дасгалжуулагч хэлжээ. Монголын баг таван тоглолтоос ганц хожилтой хүснэгтийн хамгийн сүүлд бичигдэж байгаа учир дахин ялалт байгуулахыг маш их хүсэж байгаа юм. Тэд гуравт бичигдэж байгаа Тажикистаны багт 2019 оны есдүгээр сард 1:0-ийн харьцаатай хожигдож байсан бол дараа нь гоол алдаагүй тэргүүлж буй Японы багийн эсрэг тоглолтод зургаан гоол алдсан юм. “Тэмцээн бидний хувьд том сорилт болж байгааг хэлэх илүүц байх. Бид хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг зочлон тоглоно. Бид үр дүнгээс илүү үйл явцдаа анхаарлаа хандуулна. Хэрэв хувийн болон багийн тоглолт, тоглолтын арга барил сайн байвал үр дүн сайн байна. Энэ бол бидний философи. Монголын хөл бөмбөгчид урам зориг өгвөл суралцахдаа маш хурдан. Мөн тэд сахилга бат, сэтгэл зүй сайтай.” гэж Растислав Бозик ярилцлага өгчээ. 

III/25 - Тажикистан /21:00/ Монгол 

III/30 - Монгол /18:30/ Япон