Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг ОУ-ын жүдо бөхийн холбооны энэ жилийн дөрөв дэх тэмцээн Тбилисийн их дуулгад багийн дүнгээр хошой алт, хүрэл медальтай гуравдугаар байр эзэллээ. Тус тэмцээнд 80 орны 441 (эрэгтэй 241, эмэгтэй 200) жүдоч зодоглосон юм. Монголоос 12 (эрэгтэй 8, эмэгтэй 4) жүдоч эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн дөрвөн жинд өрсөлдлөө. Сийрүүлбэл гүрж улсын нийслэл Тбилис хотноо зохион байгуулагдсан олимпын эрхийн оноо олгох тэмцээнээс эхний өдөр МУГТ М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг-д тэргүүлж, эрэгтэйчүүдийн -66 кг-д ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль, хүртсэн бол удаах өдрүүдэд эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар алт, -90 кг-д Г.Алтанбагана хүрэл медалийн эзэн боллоо. Г.Алтанбагана өнгөрсөн 10-р сард Унгарын их дуулгад дэд байр эзэлж байлаа. Мөн -60 кг-д Э.Ариунболд долоодугаар байр эзэлсэн юм. Ийнхүү нийлбэр дүнгээр тус бүр хоёр алтан медальтай Гүрж, Канад, Монгол (2-0-2)-ын багууд эхний гурван байрт эрэмбэлэгдлээ. Гүржийн баг нийт есөн (2-3-4) медаль хүртэж тавдугаар байрт хоёр, долоодугаар байрт нэг тамирчин орсон бол Канадын багаас дөрвөн (2-1-1) тамирчин медалийн тавцанд гарч нэг жүдоч тавдугаар байр эзэлжээ. МУГТ М.Уранцэцэг энэ сард хоёр дахиа их дуулга тэмцээнд түрүүлэн, энэ жил гурван тэмцээнд оролцохдоо хоёр алт, нэг хүрэл гээд гурван медалийн эзэн болсон бол Ц.Цогтбаатар Ташкент, Тбилисийн их дуулгуудын аль алинд нь түрүүллээ. Харин Г.Хэрлэн, Г.Алтанбагана нарын энэ оны эхний медалиуд байсан юм. Ташрамд дуулгахад Монголын жүдочид багаараа энэ жилийн гурав дахь тэмцээндээ өрсөлдлөө. Моллаей Саеид хоёрдугаар сард Тел Авивын их дуулгад ганцаараа оролцсоныг тооцвол М.Уранцэцэг, Ё.Басхүү, Л.Сосорбарам, Ц.Цогтбаатар, Б.Гончигсүрэн, Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар дөрвөн тэмцээнээс нийт 11 медаль хүртэж, таван тамирчин тавдугаар байр, долоон тамирчин долоодугаар байр эзэллээ. Ялангуяа Ташкентийн их дуулгад таван (2-2-1) тамирчин медалийн тавцанд гарч нийлбэр дүнгээр дэд байр эрэмбэлэгдсэн гээд энэ сард хоёр их дуулгаас нийт 9 (4-2-3) медаль хүртэв.