Оксфордын их сургуулийн судлаачид халуун орны хумхаа өвчний эсрэг вакцин бүтээсэн нь эхний туршилтаар 77 хувийн үр дүнтэй гарсныг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарлажээ.
Африк тивийн Сахарын цөлөөс өмнөх бүс нутагт ихэвчлэн бүртгэгддэг хумхаа өвчнөөр жил бүр 400 мянга гаруй хүн нас бардаг бөгөөд үүний ихэнх нь 5 хүртэлх насны хүүхдүүд юм. Хэдийгээр дэлхийн эрдэмтэд олон жилийн турш хумхаа өвчний эсрэг вакцин бүтээхээр ажилласан ч Оксфордын их сургуулийн гарган авсан вакцин анх удаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шалгуур буюу 75-аас дээш хувийн үр дүнд нийцсэн байна.
Баруун Африкийн Буркина Фасо улсад 450 хүүхэд оролцсон вакцины эхний шатны туршилт явуулахад 77 хувийн үр дүнтэй дархлаа тогтсон бол одоо Африкийн дөрвөн улсад таван сараас гурван настай 5 мянга орчим хүүхдийг оролцуулсан өргөн хүрээний туршилт явуулж дээрх үр дүнг батлах юм байна. Хумхаагийн вирус олон мянган мутацлагдсан хувилбартай тул вакцин бүтээхэд илүү их хугацаа орсныг Оксфордын их сургуулийн судлаачид тайлбарлажээ.
ДЭМБ-аас олон нийтэд ашиглах зөвшөөрөл олгосон тохиолдолд 200 сая тунг бэлэн болгох боломжтой гэж БНЭУ-ын вакцин үйлдвэрлэгч серум институтийн удирдлагууд мэдэгдсэн байна. Оксфордын судлаачид хумхаа өвчний эсрэг вакцинаа 2019 оноос туршиж эхэлсэн бөгөөд эндээс олж авсан мэдлэг туршлагаа “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин бүтээхэд ашигласан гэж ярьжээ.