Дэлхий дахинд “Ковид-19”-ийн халдварын мутацид орсон дөрвөн хувилбар бүртгэгдээд байна

Вирус мутацид орох нь элбэг тохиолддог ч дийлэнх тохиолдолд өвчнийг хүндрүүлдэггүй гэж ДЭМБ-аас мэдээлж байсан юм. Гэсэн ч Их Британи болон Бразил улсад илэрсэн “Ковид-19”-ийн халдварын мутацид орсон шинэ хувилбарууд нь илүү хурдан халдварлах чадвартай болон цаашлаад үхэлд хүргэдэг байж болзошгүй байгаа талаар эрдэмтэд анхааруулаад байгаа юм.

Хамгийн анх Их Британид илэрсэн “Ковид-19”-ийн халдварын мутацид орсон хувилбар дэлхийн 100 гаруй оронд бүртгэгджээ. Бусад хувилбараасаа илүү хурдан буюу анхны вирусээсээ 45 хувиар илүү хурдан халдварладаг “Ковид-19”-ийн халдварын “B.1.1.7” хувилбар нь үхэлд хурдан хүргэдэг эсэх нь одоог хүртэл батлагдаагүй байгааг ДЭМБ-ын шинжээчид онцлоод байгаа юм. “B.1.1.7” хувилбар илүү хурдан халдварладаг болохыг Израилд шинжилгээний хариу нь эерэг гарсан “PCR” шинжилгээний 300 мянга орчим хариунд тулгуурлан тогтоосон байна.  Тус улсад 2020 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар Их Британийн “B.1.1.7” хувилбараар 5 хувь нь халдварласан байсан бол зургаан долоо хоногийн дараа энэ үзүүлэлт 99.5 хувь болтлоо өсжээ.

Харин Бразил улсад илэрсэн “ПИ1” хувилбар нь илүү аюултай бөгөөд тус улсад гуравдугаар сараас эхлэн халдвараар нас барсан тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсон нь голлох нөлөө үзүүлсэн гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Түүнчлэн энэхүү хувилбар нь дахин мутацид орж байгаа бөгөөд ингэснээр “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцинд тэсвэртэй болж байна гэж вирус судлаач Лиса Бернхард ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. “Ковид-19”-ийн халдварын “ПИ1” хувилбар нь 40 хүртэлх насны залуучууд дунд хамгийн өргөн тархсан буюу Бразил улсад өнгөрөгч 3-р сард цар тахлын улмаас хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн тэн хагас нь энэхүү хувилбараар өвчилсөн байжээ.

Тэгвэл БНЭУ-д илэрсэн “В.1.617” хувилбарын хувьд давхар мутацид орсон гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, Өмнөд Африкт бүртгэгдсэн Е484К төрлийн мутацитай ойролцоо Е484Q мутаци шинэ төрлийн l452 мутаци уг хувилбарт хавсарч явагдсаныг эрдэмтэд тогтоосон байна.  Одоогоор энэхүү “В.1.617” хувилбарын “l452” мутаци нь вирус хүний биед халдварлах чадварыг 20 хувиар нэмэгдүүлж байгаа бол “nature” сэтгүүлд БНЭУ-ын хамгийн том хотуудад вирусийн тус хувилбар эрчимтэй бүртгэгдсээр байгаа гэж дурджээ. “В.1.617” хувилбар бусад “Ковид-19”-ийн халдварын вирустэй харьцуулахад халдварлах чадвар нь илүү байгаа юм. БНЭУ-ын вирус судлаач Шахид Жамилийн хэлснээр, энэхүү мутацид орсон хувилбар нь дархлааны тогтолцооноос бултах боломжтой болсноор вирусийг илүү аюултай болгох чадвартай гэжээ.  Одоогоор хийгдэж байгаа вакцинуудад тэсвэртэй эсэх нь тодорхойгүй байгаа ч Их Британийн Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн Рави Гуптагийн зүгээс вакцин үйлчилнэ, гэхдээ үр дүнгийн хувьд буурна гэж анхааруулжээ. Харин В.1.617 хувилбар нь “Ковид-19”-ийн халдвар аваад эдгэсэн хүн дахиад халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж БНЭУ-ын вирус судлаач Рави Гупта мэдэгдсэн байна.