Чернобылийн атомын цахилгаан станцад дэлбэрэлт болоод 35 жил өнгөрчээ

1986 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дэлхий дахиныг цочирдуулсан осол болсон нь чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт юм. Хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн аймшигт цөмийн эрчим хүчний үйлдвэрийн осол энэ болсон бөгөөд олон улсын эрчим хүчний агентлагаас 7-р түвшний зэрэглэлд багтах цорын ганц осол гэж тодорхойлжээ.  

Тухайн үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин улсын 60 мянган оршин суугчтай байсан Чернобыль хот дахь атомын цахилгаан станцад дулааны хүчний ялгаруулалт ихэссэн бөгөөд энэ дэлбэрэлтийг үүсгэж, үр дүнд нь ажиллаж байсан реакторын цөмийг сүйтгэсэн юм.  Эхний дэлбэрэлтийн гол шалтгаан нь шатахуун байсан бол хоёр дахь удаагийн дэлбэрэлтэд ус төрөгч гол үүрэг гүйцэтгэжээ. Дэлбэрэлт реакторын тагийг эвдэлсэн учир цацраг идэвхт бодис гадагшилж, дэлбэрэлтээс үүдэн гал түймэр гарч эхэлсэн байна. Ойролцоох Припять хотоос дуудагдсан 100 гал сөнөөгч хамгийн их хэмжээний цацрагийн туяаг өөртөө шингээсэн бөгөөд тэдгээр хүмүүс 3 өдрийн дотор амь үрэгджээ. Гал түймрийг 1986 оны тавдугаар сарын 9-нд унтрааж чадсан ч атомын цахилгаан станцын ослын уршгаар хэдэн арван мянган хүн амь насаа алдаж, Украины Чернобыль хот орчмын нутаг дэвсгэр бүхэлдээ хаягдан цацраг идэвхт хорт бодисоор бохирдсон юм. Чернобылийн форумаас гаргасан 2005 оны судалгаанд дэлбэрэлтээс болж 50 хүн нас барсны дийлэнх нь станцын ажилчид байсан ч дэлбэрэлтийн дараах цацраг идэвхт бодисын нөлөөгөөр 9 мянга гаруй хүн амиа алдсан гэж уг судалгаанд дурдсан байна. Харин байгаль орчныг хамгаалахын төлөөх “Greenpeace” байгууллагын судалгаанд энэ тоог 93 мянга гэж баталсан байна. Ослоос үлдсэн цацраг туяа урагт нөлөөлөх болсноос үүдэн европын эрүүл мэндийн байгууллагууд эмэгтэйчүүдийг хөл хүнд болохгүй байхыг сануулж, хөл хүнд эмэгтэйчүүдийг үр хөндүүлэхийг зөвлөж байжээ. Уг шаардлагын дагуу европ даяар 100-200 мянган эмэгтэйд үр хөндөх хагалгаа хийж байсан байна. 

Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт болсноос 5 жилийн дотор хорт хавдраар өвчилсөн хүүхдийн тоо Украинд 90 хувиар нэмэгджээ. Мөн ОХУ, Беларусьт ослын дараах эхний 20 жилийн хугацаанд 18-аас доош насны хүмүүсийн дунд 5 мянга орчим бамбай булчирхайн хорт хавдар бүртгэгдсэн байна.Хэдийгээр осол болсноос хойш 35 жил өнгөрсөн ч цацраг туяа идэвхтэй байсаар, төрөлтийн гажигтай, хорт хавдартай хүүхдүүд төрсөөр байгаа юм. Өнөөдрийг хүртэл энэхүү хотыг Украины цэргийнхэн хамгаалалтдаа авч, тусгаарласан ч 130 орчим хүн гэр орондоо хууль бусаар буцаж очсон байна. Түүнчлэн Чернобыль хотоор зочлох боломжтой бөгөөд жилд хэдэн мянган иргэд дэлхийн өнцөг булан бүрээс очдог .

Харин Чернобылийн эргэн тойронд дор хаяж 20 мянган жилийн дараа хүн төрөлхтөн аюулгүй амьдарч болно гэж олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид анхааруулжээ.