“Ковид-19”-ийн халдварын шинэ давлагаа эхлээд байгаа БНЭУ-д эмнэлгүүд нь дүүрч, хүчилтөрөгчийн нөөцгүй болоод байгааг мэдээлж байна. Тус улсын 20 сая орчим оршин суугчтай Дели хотод “Ковид-19”-ийн халдварын улмаас нас барсан хүний тоо нэг өдөрт 300-аас буурахгүй байгаа бөгөөд энэ хэвээр цааш үргэлжилвэл шарил чандарлах газруудын ачаалал ойрын өдрүүддээ буурахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Өнгөрөгч даваа гарагт БНЭУ-д 350 мянга гаруй хүн “Ковид-19”-ийн халдвар шинээр авсан нь тус улсад төдийгүй дэлхийн хэмжээнд нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Тус улсад “Ковид-19”-ийн халдварын эхний давлагааны оргил үед өдөрт дунджаар 93 мянган хүнээс вирус илрүүлж байсан бол энэ тоо 3 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн нас баралтын түвшин ч мөн хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт энэтхэгт өдөрт дунджаар 2336 хүн нас баржээ.
Хамгийн таагүй хүнд нөхцөл том хотуудын нэг Делид үүсээд байгаа бөгөөд амьсгалын аппараттай ор үлдээгүй эмнэлгүүд өвчтөнүүдийг хүлээн авахаас татгалзахаас өөр аргагүй байдалд орж, хүчилтөрөгчийн нөөцгүй болсноор хүмүүс амиа алдаад байна. БНЭУ дахь лабораториуд ачааллаа дийлэхгүй, нэг шинжилгээний хариуг гаргахад гурав хоног зарцуулж байгаа нь өөр нэгэн асуудал үүсгэж, чандарлах газрууд 24 цагаар ажиллах болжээ.
Тус улсад шинээр илэрсэн “В.1.617” хувилбарын хувьд давхар мутацид орсон гэдгээрээ онцлогтой. “В.1.617” хувилбар бусад “Ковид-19”-ийн халдварын вирустэй харьцуулахад халдварлах чадвар нь 20 хувиар илүү байгаа бөгөөд 2 өөр вирус хавсарсан байгаа юм. БНЭУ-ын вирус судлаач Шахид Жамилийн хэлснээр, энэхүү мутацид орсон хувилбар нь дархлааны тогтолцооноос бултах боломжтой болсноор вирусийг илүү аюултай болгох чадвартай гэжээ. Түүнчлэн энэтхэг улсын амьдралын нөхцөл байдал, хүн амын нягтрал нь нь “Ковид-19”-ийн халдварын мутацид орсон хувилбар тархах болон шинээр бий болгоход түлхэц болж байгаа Гэж Кембрижийн их сургуулийн клиник микробиологийн профессор Рави Гупта хэлжээ.