Манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөт, мэдэгдэхүйц асуудалтай орнуудын бүлэгт багтаж байна

Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллага жил бүр дэлхийн 180 орны хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдалд үнэлгээ хийдэг. Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2015 онд 54-т жагсаж байсан нь манай улсын хувьд хамгийн дээд үзүүлэлт байжээ. Харин 2020 онд 73-т жагсаж байсан бол 2021 онд 5 байраар урагшилж 68-т жагссан байна. Ингэснээр манай улс хагас хэвлэлийн эрх чөлөөт, мэдэгдэхүйц асуудалтай улс орнуудын бүлэгт багтаад байна.

2015 онд манай улс 54-т жагсахад хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдийн санаачилгаар ёс зүйн хариуцлагаа хэлэлцэн дүгнэдэг өөрийн зохицуулалтын байгууллагатай болсон нь нөлөөлж байсан байна. Мөн Монгол улс тогтмол хагас эрх чөлөөт улс орнуудын бүлэгт багтсаар ирсэн нь манай улсад 1998 онд батлагдсан хэвлэлийн эрх чөлөөний хуулиас хойш дорвитой өөрчлөлт хийгээгүйтэй холбоотой гэж хуульч үзэж байна. НҮБ-ын хүний эрхийн комиссоос Монгол улсын засгийн газарт шүгэлдэгчийн эрх, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн орчноо батлах, нууц эх сурвалжийн асуудлыг хуульдаа тусгах, мөн үзэл бодлоо илэрхийлж хэвлэн нийтэлсний төлөө сэтгүүлчийг хорих ялын санкцтай байж болохгүй гэсэн зөвлөмжүүдийг өгч иржээ.

Норвеги улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр тав дахь жилдээ эхний байранд жагсаж байна.