Японы эрх баригчид “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын бохирдсон усыг далайд асгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа БНСУ-ын иргэдийн бараг гуравны хоёр нь далайн бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгасныг Солонгосын хэрэглэгчдийн холбооноос явуулсан судалгаа харуулжээ. Хэдийгээр цацраг идэвхт бодис бүхий усыг хоёр жилийн дараа асгах төлөвтэй байгаа ч санал асуулгад оролцогчдын 91.2 хувь нь хүнсний аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Солонгосын хэрэглэгчдийн холбооноос Японоос импортлох болон далайн хоол, бүтээгдэхүүний талаарх судалгаа явуулсан бөгөөд санал асуулгад 20-60 насны 500 орчим хүн оролцжээ. “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын бохирдсон усыг далайд асгахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор БНСУ-ын иргэдийн гуравны хоёр орчим нь далайн бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгасныг тус судалгаа харуулсан байна. Хэдийгээр цацраг идэвхт бодис бүхий усыг хоёр жилийн дараа асгах төлөвтэй байгаа ч санал асуулгад оролцогчдын 91.2 хувь нь хүнсний аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанд оролцогчдын 95.2 хувь нь дэлгүүрээс далайн бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийнх нь мэдээллийг шалгадаг гэсэн бол 77.9 хувь нь зоогийн газарт эсвэл гэртээ хоол захиалахдаа шалгадаг байна. Үүний зэрэгцээ 63 хувь нь далайн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээгээ аль хэдийн багасгасан бол санал асуулгад оролцогчдын 69.6 хувь нь Японы загас, далайн гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шалгадаг одоогийн тогтолцоонд итгэхгүй байгаагаа илэрхийлжээ. Хэрэг явдлыг эргэн сануулахад, 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осол гарч, цөмийн реакторыг нь хөргөхөд их хэмжээний ус ашигласан юм. Станцын цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг цэвэршүүлсний дараа Номхон далайд асгахыг зөвшөөрснөө Япон улсын эрх баригчид дөрөвдүгээр сард 13-нд мэдэгдсэн юм. Одоо аюултай цацраг идэвхт бодисуудаас цэвэрлэсэн 1.025.000 гаруй тонн ус хуримтлагдан цэвэршүүлсэн байгаа ч цацраг идэвхт трити агуулагдсан хэвээр байгаа юм Харин Японы засгийн газар усыг далайд асгах үед энэ бодисын агууламж ДЭМБ-аас ундны усны тогтоосон стандартад нийцсэн байна гэж мэдэгджээ. Фүкүшима мужийн иргэд болон Японы загас агнуурын салбарынхан, байгаль хамгаалагчид, мөн ОХУ, БНХАУ, БНСУ станцын усыг далайд асгахыг эрс эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсаар байгаа юм.