ЕБС-ийн сурагчдын улсын болон анги дэвшин суралцах шалгалтыг цуцаллаа

Боловсрол шинжлэх ухааны яам ЕБС-ийн сурагчдын зуны амралтыг наашлуулах шийдвэрийг гаргалаа. Энэ хүрээнд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн 1-3 дугаар ангийн сурагчид 5-р сарын 7-ны өдөр хичээллээд амрах бол 4-12 дугаар ангийн сурагчдыг 5-р сарын 14-нд амраахаар шийдвэрлэсэн байна. 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг энэ оны 8-р сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд үзэх ёстой хичээлийнхээ 60 орчим хувийг танхимаар судалсан байна. 2020-2021 оны хичээлийн жилд үзэх ёстой хичээлийнхээ 70 орчим хувийг теле болон цахим хэлбэрээр судалжээ. Сурагчид хичээлээ зайнаас судлахад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, багш сурагчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх, сурлагын үр дүн буурах зэрэг олон сөрөг үр дагавар учирч байгааг судалгаагаар харуулсан байна.

Амралт эхлүүлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг цуцалж байгаа юм байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Ингэхдээ танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм байна. Хичээл төлөвлөсөн хугацаанаас эрт амарч байгаа хэдий ч 9-р анги төгсөөд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой юм байна. Мөн 12-р ангийн сурагчид 5-р сарын 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн байдлаар шийдвэрлэх юм байна.