Дэлхийн зарим улс орнууд “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакциныг хүүхдэд тарих талаар судалж эхэлжээ

Хүүхдүүд “Ковид-19”-ийн халдвараар халдварлах тохиолдол япон улсад нэмэгдэх болсонтой холбоотойгоор дархлаажуулалтын хөтөлбөрт 12-15 насны хүүхдүүдийг хамруулахаар бэлтгэж байна гэж тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Одоогоор японд АНУ-ын “Пфайзер”, ХБНГУ-ын “Бионтех” компанийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд 16 болон түүнээс дээш насны хүмүүсийг вакцинжуулж байгаа юм. Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Като Кацүнобүгийн мэдээлснээр, “Пфайзер-Бионтех” компани вакциныхаа хэрэглээг өргөжүүлэх талаар японы эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын агентлагтай хэлэлцээ хийж байгаа юм байна.

Харин АНУ-ын хүнс, эмийн хяналтын газар “Пфайзер-Бионтех” компанийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг энэ даваа гарагт зөвшөөрсөн юм. Эмнэлзүйн туршилтаар 100 хувь аюулгүй, үр дүнтэй болох нь тогтоогдсон энэхүү вакцинд зөвшөөрөл олгосноор нэгдсэн улс дахь 12-15 насны 17 сая гаруй хүүхэд дархлаатай болох боломж бүрдсэн гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн байна. Эмнэлзүйн туршилтын үеэр хүүхдүүдэд 16-аас дээш насны хүмүүст хийж байгаатай ижил хоёр тунг тарьж, долоо хоногийн дараах байдлаар вакцин хийлгэсэн 1005 хүүхдийн дунд “Ковид-19”-ийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Плацебо буюу идэвхгүй нэгдэл тариулсан 978 хүүхдийн 16 нь “Ковид-19”-ийн халдвар авсан гэж хүнс, эмийн хяналтын агентлаг мэдээлжээ.

Тэгвэл Канад улсын эрх баригчид АНУ, ХБНГУ-ын “Пфайзер-Бионтех” компанийн гарган авсан вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны улс болсон юм. Канадын эрүүл мэндийн сайд хүүхдүүдэд хийгдсэн эмнэлзүйн гурван үе шатны туршилтын мэдээлэлд үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд өнгөрөгч даваа гарагаас эхлэн “Ковид-19”-ийн халдварын хамгийн их өвчлөлттэй Альберта мужид 12-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн байна. 

Харин БНЭУ-ын эрх баригчид дотооддоо гарган авсан “Ковид-19”-ийн халдварын эсрэг “Коваксин” вакцины хоёр, гуравдугаар шатны эмнэлзүйн туршилтыг 2-18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Энэтхэгийн эмийн стандартын хяналтын төв байгууллагын шинжээчдийн хорооны хуралдааны үеэр уг шийдвэрийг гаргасан бөгөөд туршилтад 525 хүүхдийг оролцуулах юм байна. “Коваксин” вакциныг БНЭУ-ын “Бхарат Биотех” компани болон энэтхэгийн анагаах ухааны судалгааны зөвлөлтэй хамтран бүтээсэн юм.