Статистик мэдээллээр өрх толгойлсон эхийн тоо 2020 онд 2019 оныхоос 500 гаруйгаар нэмэгджээ

Удаан хугацаанд хөл хорионд байх нь зарим гэр бүлд илүү ярилцах боломж олгож, харилцаагаа бэхжүүлэхэд сайнаар нөлөөлж байгаа бол зарим гэр бүлд хүчирхийлэл, үл ойлголцол авчирч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хөл хорио гэр бүлүүдэд сөргөөр нөлөөлж байгааг харуулах тоон мэдээллээс хүргэвэл 2020 оны статистик мэдээллээр манай улсад өрх толгойлсон эхийн тоо 2019 оныхоос 500 гаруйгаар нэмэгджээ. Манай улсад өдөрт 40 гэр бүл гэрлэлтээ батлуулж, 9-10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг. Харин 2020 оны тухайд гэр бүлээ батлуулсан болон цуцлуулсан гэр бүлийн тоо аль аль нь буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь хөл хорионы улмаас хуримын ордон, улсын бүртгэлийн байгууллагууд бүтэн цагаар ажиллаагүй, хурим найрын үйл ажиллагааг хориглосон зэргээс шалтгаалсан байна. Учир нь гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн тусламжийн 108 утсанд хоногт 260-350 дуудлага ирж байгаагаас хүүхдүүдийн сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийллийн тухай дуудлагын тоо нэмэгдсэн байна. Мөн тус газрын түр хамгаалах байрт цар тахлын өмнө 60-70 хүн тусламж үйлчилгээ авдаг байсан бол цар тахлын үед хоногт 100 хүн түр хамгаалах байрны тусламж үйлчилгээ авч байна.

Дэлхий нийтээр хөл хорио цар тахалтай тэмцэх үр дүнтэй арга гэдгийг хүлээн зөвшөөрсөн цаг үед энэ хугацааг гэр бүлдээ цаг зав зарцуулах, хосын харилцаагаа бэхжүүлэх боломж гэж харж үр дүнтэй өнгөрөөхийг гэр бүл судлаач зөвлөлөө. Хэдий зарим гэр бүлд хөл хорио сөргөөр нөлөөлж байгаа ч нөгөө талд сайнаар нөлөөлж байгаа жишээ ч олон байгаа. Гэртээ байх хугацааг ашиглаж гэртээ засвар үйлчилгээ хийж тохижуулах, хүүхдүүдтэйгээ төрөл бүрийн чимэглэл, гар урлалын бүтээл хийх зэргээр үр дүнтэй өнгөрүүлж байгаа гэр бүлүүд ч байгаа юм.