Их сургуулиа сонгохоос илүүтэй ирээдүйн мэргэжлээ сонгох нь ахлах сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн хувьд хамгийн хүнд сонголт байдаг. Өөрсдийн дуртай мэргэжлийг сонгон суралцах боломж хүн болгонд байдаг ч эцэг, эхийн дарамт, санхүүгийн бололцоо зэрэг нь саад учруулдаг гэж ахлах сургуулийн дийлэнх сурагчид хариулдаг байна. Дэлхий дахинд хамгийн эрэлттэй байгаа мэргэжил болон салбарын талаар танилцуулъя.
Аливаа мэргэжлийг сонгоход 4 хүчин зүйл хамгийн их нөлөөлдөг гэж шилдэг их дээд сургуулийг тодруулдаг bestcollege.com сайт танилцуулжээ. Нэн тэргүүнд тухайн мэргэжлийг сонирхож байгаа эсэх нь хамгийн чухал юм. Өөрийн давуу, сул талыг харьцуулан бичиж аль мэргэжил өөрт нь тохирох талаар судалж эрэлхийлсний дараа санхүүгийн боломжоо бодох хэрэгтэй юм. Харин үүний дараа ажлын байр хөдөлмөрийн зах зээл дээр хэр их байгааг нягтлан үзэх шаардлагатай. Харин хамгийн сүүлд нь, ажлын талбарт гараад хэр их хэмжээний цалин авах вэ гэдэг нь хамгийн сүүлийн хүчин зүйл юм.
Тэгвэл 2020 онд хамгийн эрэлттэй байсан мэргэжил бол бизнес, санхүүгийн салбартай холбоотой мэргэжлүүд юм. АНУ дахь их сургуулиудын дунд явуулсан судалгаагаар хамгийн олон оюутан бизнесийн салбар сургуулиудад суралцдаг бөгөөд энэ нь бакалаврын хөтөлбөрийн 19 хувийг бүрдүүлдэг байна. Энэ салбарт ажиллах хүсэлтэй оюутнууд нэмэгдсэнээр бизнесийн салбар ч өсөн дэвжиж байгаа бөгөөд энэ салбарт жилийн дундаж цалин 69,820 ам.доллар байна. Харин хамгийн эрэлттэй мэргэжлүүдийг багтаасан хоёр дахь салбар бол эмнэлгийн салбар юм.
“Ковид-19”-ийн халдвар тархсаар дэлхий дахинд эмнэлгийн хүчин чадал болоод эмч, сувилагчдын тоо хангалттай байгаа нь ил болсон байна. Үүссэн нөхцөл байдлаас үүдэн 2029 он гэхэд дэлхий даяар 2.4 сая эмч, мэргэжилтнүүд шинээр бий болох бөгөөд ингэснээр дэлхий дээрх хамгийн олон ажилтантай салбар болно гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Өнгөрсөн жил гэхэд дэлхий даяар 245 мянган оюутан эмнэлгийн салбарыг сонгосон бөгөөд энэ нь тухайн жилийн бакалаврын хөтөлбөрийн 12 хувийг бүрдүүлсэн байна. Эмнэлгийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн жилийн дундаж цалин 68,190 ам.доллар.
Харин 2029 он гэхэд нийгмийн шинжлэх ухаан болон түүхийн салбарт 62 мянган мэргэжилтэн шинээр гарч ирэх бөгөөд үүнд нийгмийн ажилтан, эдийн засаг, газарзүй биологийн салбар багтаж байна. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн жилийн дундаж цалин нь 68 мянган ам. Доллар байх бөгөөд нийгмийн шинжлэх ухаан болон түүхийн салбарт суралцах хүсэлтэй оюутнууд ирэх 5 жилийн хугацаанд 168 мянгаар нэмэгдэнэ гэж bestcollege.com сайтын мэргэжилтнүүд тооцоолжээ.