“Азтай савар” ТББ, тэжээвэр амьтны эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж байна

Олон улсад “амьтны сайн сайхныг хангах дэлхий дахины тунхаглал” нэртэй тунхаг бичиг байдаг байна. Энэ тунхаг бичигт гэрийн, фермийн, зэрлэг байгалийн амьтдыг хүмүүнлэг аргаар өсгөх, тэжээх тухай нарийвчлан тусгасан байдаг ажээ. Харин манай улсын хувьд амьтны тухай хууль байдаг ч энэ нь зөвхөн зэрлэг, ховордсон амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх харилцааг зохицуулдаг бол гэрийн тэжээвэр амьтдын эрхийн тухай хуулийн зохицуулалт байдаггүй юм байна. Жил бүр золбин нохой, муур устгалд улс 800 саяас нэг тэрбум хүртэл төгрөг зарцуулдаг. Эзэнгүй нохой, мууртай тэмцэх энэ аргыг манай улс 100 гаруй жил ашиглаж байгаа юм. Гэсэн ч өнөөдрийг хүртэл эзэнгүй амьтдын тоо буураагүй хэвээр, тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Зарим иргэдийн тухайд нохой, муурыг үржүүлж мөнгө олох арга хэрэгсэл болгон ашигладаг. Энэ нь эзэнгүй амьтад олшрох томоохон шалтгаануудын нэг болж, цаашлаад амьтны эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэх хүмүүс олон байдаг байна. 2020 оны 6-р сараас эхлэн “Азтай савар” ТББ-аас тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг санаачлан, боловсруулж байгаа. Тус хуульд нохой, муурыг хууль бусаар үржүүлэх, бизнесийн зорилгоор ашиглах зэргийг зохицуулах хэд хэдэн чухал заалтууд нарийвчлан тусгагджээ. Хэрэв хууль батлагдвал манай улс тэжээвэр амьтны эрхийг хамгаалах тал дээр томоохон дэвшилд хүрэх бөгөөд эзэнгүй амьтдын тоо буурч, жил бүр улсын үргүй зардлыг хэмнэх боломжтой юм.