ДЭМБ: Олон цагаар ажиллах нь цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг

ДЭМБ-ын гаргасан судалгаагаар уртасгасан цагаар ажиллах нь хүний эрүүл мэнд, цаашлаад амь насанд халтайг тогтоожээ. ДЭМБ болон олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтарсан илтгэлд дээрх судалгааг дурдсан бөгөөд долоо хоногт 55 цаг болон ажиллах цагийг үүнээс дээш болгож нэмэгдүүлэх нь цус харвах эрсдэлийг 35 хувь, зүрхний титэм судасны өвчний улмаас нас барах эрсдэлийг 17 хувиар нэмэгдүүлдэг гэж дурджээ. Түүнчлэн 2016 онд долоо хоногт хамгийн багадаа 55 цаг ажилласны улмаас цус харвалтын улмаас 398 мянган хүн, зүрхний өвчлөлөөр 347 мянган хүн нас барсан нь 2000 оноос хойш 30 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.  

Уг шалтгаанаар нас барсан тохиолдлуудын 72 хувийг дундаас дээш насны эрчүүд эзэлсэн бөгөөд энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг ДЭМБ-ын судалгаанд анхааруулсан байна. Түүнчлэн хэт олон цагаар ажиллаж байгаа хүний тоо нэмэгдэж, дэлхийн хүн амын 9 хувийг эзэлж байна гэж мэргэжилтнүүд цохон тэмдэглэсэн байна. 

Тус судалгаатай холбоотойгоор ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Ковид-19”-ийн цар тахал хүмүүсийн ажиллах хэв маягийг өөрчилж, зайнаас ажиллах нь олон салбарт хэвийн үзэгдэл болсон гэдгийг сануулжээ. Түүнчлэн дэлхий дахинд тархсан “Ковид-19”-ийн халдварын улмаас олон компани үйл ажиллагааныхаа цар хүрээг хумьж, эдийн засгийн хэмнэлт хийхээс өөр аргагүйд хүрсэн нь ажилтнууд олон цагаар ажиллах хэрэгцээ шаардлага гарсан гэдгийн мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын тэргүүн илтгэлийн төгсгөлд “Ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд ажлын цагийн дээд хязгаарыг тогтоох асуудлыг засгийн газар, ажил олгогч, ажилтнууд харилцан зөвшилцөх хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.