Сонгуулийн тухай хуулийн 5-р зүйл сонгуулийн үндсэн зарчимд “сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч гадны улс оронд оршин суугаа иргэд ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход хүндрэлтэй байгааг хэлж байна. Учир нь сонгогчдыг бүртгэх хугацаа богино, бүртгүүлэх явц төвөгтэй байгаагаас олон иргэн саналаа өгөхийг хүссэн ч боломжгүй байна гэдгийг тэдний төлөөлөл уламжилжээ. Гадаад улсад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийн тулд тухайн улсад байгаа дипломат төлөөлөгчийн газарт 4-р сарын 20-оос 5-р сарын 9-ны хооронд бүртгүүлсэн байхыг хуульд заасан. Энэ дагуу дэлхийн 30 оронд байрладаг 45 дипломат төлөөлөгчийн газарт 7394 сонгогч ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлжээ. Энэ нь гадаадад амьдарч байгаа иргэдийн дөнгөж 3,6 хувийг эзэлж байгаа юм. Монгол улсын гадаад харилцааны яамны албан бус мэдээллээр 2020 оны байдлаар 197.0 мянган иргэн гадаад улс орнуудад сурч, ажиллаж байна. Ийнхүү цөөн иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлэхэд сонгогчдыг бүртгэлийг төвөгтэй байдлаар хийж байгаа нь нөлөөлж байгаа юм. Хамгийн олон иргэн амьдардаг солонгос улсад байгаа иргэд өөрийн биеэр, шуудангаар мөн цахим шуудангаар бүртгүүлсэн байна. Гэвч бүртгэлийн маягтыг бөглөхөд заавал компьютероос татаж авч гарын үсэг зурах, олон төрлийн бичиг баримтаа скайнердэж, хэвлүүлж хавсаргах зэргээс шалтгаалж олон иргэн саналаа өгмөөр байвч чадаагүй гэдгийг гадаадад амьдарч байгаа иргэдийн төлөөллүүд гэлээ.