Сонгуульд саналаа өгч байгаа сонгогчдын нас залуу байх тусам нэр дэвшигчдэд тавих шаардлага, сонголтод нөлөөлөх зүйлс тодорхой хувиар өөр байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Судалгаанд оролцсон 18-25 насныхаас 78 хувь нь нэр дэвшигчийн боловсролын түвшин, өмнө нь хийж бүтээсэн ажлыг нь чухалчилсан бол 26-аас дээш насныхны 62 хувь нь энэ асуулгад дээрх байдлаар хариулсан байна. Өөрөөр хэлбэл, сонгогч залуу байх тусам сонгуульд нэр дэвшигчээ судалж байгаа бол дунджаас дээш насныхан түлхүү рационал сонголт хийдэг гэж үзсэн байна. Өнгөрөгч 2020 оны УИХ болон ИТХ-ын сонгуулийн дараа 18-77 насны 1400 оролцогчоос авсан судалгаагаар сонгогчдын 64 хувь нь нэр дэвшигчийн боловсрол, карьерын түүхийг, 39 хувь нь намынх нь мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтыг, 30 хувь нь намыг нь дэмжиж сонголт хийсэн. Харин насны бүлгээр нь авч үзвэл 18-25 насныхны тухайд 78 хувь нь нэр дэвшигчийн боловсрол, карьерын түүхэд хамгийн их ач холбогдол өгчээ. Судалгаанд оролцогчдын 11 хувь нь УИХ-ын сонгуулиар намуудын мөрийн хөтөлбөртэй огт танилцаагүй буюу сонгуульд харанхуйгаар саналаа өгсөн. Харин 5 хувь нь л мөрийн хөтөлбөртэй маш сайн танилцсан байна. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогчдын нас ахих тусам нам эсвэл намын мөрийн хөтөлбөрт илүү ач холбогдол өгдөг. Харин залуучуудын хувьд илүү нэр дэвшигчдэд анхаарлаа хандуулж сонголтоо хийдэг байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ, ИТХ-тай харьцуулахад гурван нэр дэвшигчтэй явагдаж байгаа учраас сонгогчдод нэр дэвшигчээ судлах, намын мөрийн хөтөлбөртэй танилцах, сонголтоо хийхэд харьцангуй хялбар байх боломжтой. Харин сонгогч танд төр барих төрийн тэргүүнийг сонгох эрхээ эдлэх хугацаа 6 жилийн дараа л дахин тохионо.