Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж өчигдөр буюу 5-р сарын 31-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Нийгмийн бүхий л орчинд хүүхдийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах зорилгоор “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгааг тус байгууллагаас зарласан юм. Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрх зөрчигдөж байгаатай холбоотой зарим статистик мэдээллийг нийтэд танилцуулсан юм. Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд жилд дунджаар 150-180 мянга гаруй дуудлага ирдэг байна. Тэгвэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 35 мянга гаруй дуудлагыг тус утсаар хүлээн авсан бөгөөд хүүхдүүдийн 69% нь гэр бүлийн орчинд сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэлд өртөж байгаа нь дээрх үзүүлэлтүүдээс харагдаж байгаа юм. Харин түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр энэ он гарсанаас хойш 894 хүүхэд үйлчлүүлсэн гэж Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.