Электрон тамхи нь тамхинаас гарах батлагдсан арга биш

Сүүлийн үед хүмүүс тамхины хэрэглээгээ багасгах, тамхинаас гарах шалтгаанаар электрон тамхи хэрэглэх нь ихэссэн. Тэгвэл энэ нь тамхинаас гарах батлагдсан арга биш гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн юм. Электрон тамхи нь хорт хавдар, амьсгалын болон зүрх судасны өвчлөл, уушгины бөглөрөлт өвчин үүсгэдэг бөгөөд нүдний хараа муудах, хоолой, хорсох зэрэг олон сөрөг нөлөөтэй байдаг байна. Өнгөрсөн онд АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн хийсэн судалгаагаар үндэсний хэмжээнд электрон тамхинаас болж 60 гаруй хүн нас барж, 2800 гаруй хүн өвчилсөн талаар мэдээлжээ. Иргэдийн дунд электрон тамхи хэрэглэх нь тамхинаас гарах, тамхины хор уршгийг бууруулах аюулгүй, үр дүнтэй арга гэсэн буруу ойлголт байдаг байна. Электрон тамхи нь ууршуулах байдлаар хэрэглэгддэг учраас энгийн тамхинаас ч илүү хор уршигтай талаар мэргэжилтнүүд хэлдэг. Дэлхий нийтэд жил бүр 8 сая хүн тамхидалтаас шалтгаалсан өвчлөлийн улмаас амиа алдаж байна. Тэдгээр тохиолдлын ихэнх хувийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны хүн ам эзэлдэг байна. Манай улсын хувьд 15-64 насны 4 хүн тутмын нэг нь, 2 эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа байна. Тамхинаас гарахад төрөл бүрийн орлуулах бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй орчин тойрон, сэтгэл зүйн бэлэн байдал, мэргэжлийн байгууллагын тусламж, зөвлөгөө чухал байдаг гэлээ.