Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 26.9 тэрбум төгрөг төсөвлөсөн

Монгол улсын 6 дахь ерөнхийлөгчөө сонгох, 8 дахь удаагийн сонгуулийг зохион байгуулахад улсаас 26.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэхүү төсөв нь тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 20 орчим цэцэрлэг байгуулах хэмжээний мөнгө юм. Харамсалтай нь хэрэв сонгуулийн ирц хүрэлгүй хоёр дахь шатны санал хураалт эсвэл дахин сонгууль зохион байгуулах болвол энэ их хэмжээний мөнгө үр ашиггүйгээр салхинд хийсэх эрсдэл дагуулж байна. Манай улс өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудад дунджаар 14-15 тэрбум төгрөг зарцуулж байсан. Тодруулбал, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд 14.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа, саналаа өгсөн нийт сонгогчдын 50+1 хувийн санал авснаар нэр дэвшигч 1-р шатандаа ялсанд тооцдог. Хэрэв нэг ч нэр дэвшигч 50 хувиар илүү санал авч чадахгүй бол хоёр дахь шатны санал хураалт явуулдаг. Өөрөөр хэлбэл, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар энэ нөхцөл байдал үүссэн. Харин хоёр дахь шатны санал хураалтад нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадахгүй бол сонгууль хүчингүй болж, сонгуулийн үйл ажиллагааг дахин эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, сонгуульд зарцуулсан мөнгө шиг их хэмжээний мөнгийг ахин зарцуулна гэсэн үг юм. Дахин сонгууль байгуулахад одоогийн нэр дэвшигчид дахин нэр дэвшихгүй гэсэн баталгаа байхгүй. Учир нь хуулиараа хориогүй учраас дахин сонгууль зарласан ч эдгээр нэр дэвшигчид ч дахин нэр дэвших боломжтой байгаа юм.