Дэлхий дахинд тархсан “Ковид-19”-ийн халдварын улмаас улс орны эдийн засгийн хувьд хүндрэл нүүрлэсэн хэвээр байгаа хэдий ч Ази тивийн хөгжиж буй орнууд болон хөгжингүй орнуудын эдийн засаг энэ онд дунджаар 5.6 хувиар өснө гэж дэлхийн банк таамаглаж байна. Энэ нь өнгөрөгч нэгдүгээр сарын таамаглалаас 1.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Ройтерс агентлаг онцолсон байна.
Дэлхийн эдийн засаг сэргэнэ гэсэн найдвар нь вакцин түгээх ажил ахицтай байгаатай холбоотой гэж дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд тэмдэглэжээ. Гэвч улс орнуудын эдийн засгийн өсөлт вакцинжуулалтын улмаас 2021 онд өөр хоорондоо эрс ялгаатай байх төлөвтэй байгаа юм. Тодруулбал, АНУ тэргүүтэй чинээлэг орнууд эдийн засгийн тал дээр манлайлах хандлагатай байгаа бол хөгжиж буй, бага орлоготой орнуудын хувьд “Ковид-19” цар тахал үргэлжилсээр байх хандлага ажиглагджээ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын өсөлтийг авч үзвэл, АНУ-ын эдийн засаг энэ онд 6.8 хувиар, БНХАУ-ын эдийн засаг 8.5 хувиар өсөх төлөвтэй байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудын хувьд энэ үзүүлэлт 4.4 хувь, бага орлоготой орнуудынх 2.9 хувьтай байна гэж дэлхийн банкны мэргэжилтнүүд урьдчилан таамаглажээ. Эдийн засгийн төсөөллийг энэ хэмжээгээр ахиулахад дэлхий даяар явагдаж байгаа вакцинжуулалт мөн улс орнуудын эдийн засгаа дэмжих нэмэлт төсвийн арга хэмжээнүүд голлон нөлөөлжээ.
Харин АХБ-ны ахлах эдийн засагч Ясуюки Савадагийн зүгээс "Хөгжиж буй Азийн орнуудын эдийн засгийн өсөлт нь эрч хүчээ авч байгаа боловч “Ковид-19”-ийн халдварын шинэ давлагаа аюул заналхийлсан хэвээр байгаа" гэж Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө дурьдсан байна.