Тун удахгүй Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, 6-р сарын 25-нд тамгаа шилжүүлэн халаагаа өгөх гэж байна. Өнгөрсөн хугацаанд “Хүчирхэг Монгол улс”-ыг цогцлоох үндэсний Ерөнхийлөгч байхаа амласан тэрбээр 5 үндсэн асуудлын хүрээнд мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгаж байжээ. Үе үеийн Ерөнхийлөгч нар үүрэгт ажлынхаа хугацаанд бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж амждаггүй ч Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухайд Монголын ард түмэнд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн гэх тодотголтойгоор үүрэгт ажлаа өгч байна. Одоогоос 4 жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмний хоёр дахь санал хураалтаар сонгогчдын 50.61 хувь буюу 611.226 хүний саналаар Монгол улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга ялалт байгуулж, түүний үүрэгт ажил 2017 оны 7-р сарын 10-нд тамгаа хүлээн авч, тангараг өргөснөөр эхэлж байлаа. Хүчирхэг Монгол улсыг цогцлоох үндэсний Ерөнхийлөгч байхаа мөрийн хөтөлбөртөө тусгасан Х.Баттулгын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэрхэн биеллээ олсон бэ?
-Түүний бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаалах хүрээнд, үндэсний түүхэн уламжлал, хэл соёлын дархлааг хамгаалах заалт бий. Тэгвэл цар тахлын үед үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхэлсэн.
-Үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө нь л Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, албан тушаалын хэрэг, хээл хахуулийн хэрэгтэй хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байсан. Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалт авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, офшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэх, албан тушаалаас нь огцруулахыг тусгажээ. Хэдийгээр энэ асуудлаар нэр цохон тэмдэглэж, УИХ-ын чуулганы хуралдааны индэр дээрээс нэг бус удаа мэдэгдэж байсан ч энэ асуудал өнөөдөр ч биеллээ олж чадсангүй.
-Ерөнхийлөгч Х.Баттулгын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт өрх, гэр бүл, хүүхэд залуусын хөгжлийг дэмжих ажлуудыг тусгаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөр, төслүүдийг дэмжиж ажиллана гэж мэдэгдсэн. Энэ ч үүднээс 2019-2020 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, хүүхдэд жилд зориулагддаг 5 тэрбум төгрөгийн төсвийг 8 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ.
-Иргэн бүр байгалийн баялгийг тэгш, шударгаар эзэмших, хувь хүртэх, үр өгөөжийг нь ашиглах боломжоор хангахыг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Энэ ч үүднээс 2019 оны 12-р сард ҮАБЗ хуралдаж, салхитын мөнгөний ордын үр шимийг ахмад настнуудад хүртээх буюу төрөөс нэг удаа тэтгэврийн зээлийг тэглэсэн. Харин заасан хугацаанаас өмнө тэтгэврийн зээл аваагүй, нэг сая төгрөгөөс доош дүнтэй зээл авсан ахмадуудад үнэт цаас олгохоор шийдвэрлэж, 2021 оны 5-р сарын 21-нд бэлэн мөнгийг олгосон.
-Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг онцолсон асуудал бол цэргийн алба хаагчдыг үндэсний томоохон бүтээн байгуулалтад оролцуулах замаар мэргэшсэн ажилтан бэлтгэх, алба хаах хугацаандаа орлоготой болох асуудлаар Засгийн газарт чиглэл өгнө гэж тусгасан. Энэ ч үүднээс зэвсэгт хүчний 10 гаруй ангийн 1000 орчим алба хаагч, өнгөрсөн хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна.
-Мөн манай улс өөрсдөө барьж байгуулсан анхны томоохон бүтээн байгуулалтын ажил 5-р сард дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон үйл явдал бол сүүлийн 30 гаруй жилд тохиогоогүй томоохон ажил байлаа. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын дээд доод бүтцийн ажил дуусч, энэ сард хүлээлгэн өгнө. Үүнтэй зэрэгцэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Энэ төмөр замыг 2022 оны 7-р сард ашиглалтад оруулж, манай улс байгалийн баялгаа БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу зэрэг далайн боомтоор дамжуулан олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр гаргахаар төлөвлөсөн.
-Монгол улсын Ерөнхийлөгч нь гадаад бодлогын хувьд төрийн тэргүүн дипломатч байдаг. Энэ ч үүднээс Х.Баттулга Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тусгасан байдаг. Тэгвэл Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны 9-р сарын 3-нд Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол улс, Оросын Холбооны улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурж, дипломат харилцаа нэг шат ахисан.
-Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй, ардчиллын үнэт зүйлсийг дээдэлдэг улс орнуудтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийг дэмжих бодлогын хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээний үр дүнд тунхаглал гаргасан юм. Үүнд, энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хууль бус наймаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн аюулгүй байдал, хяналтыг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол, Америкийн хооронд хууль ёсоор зорчихыг үр дүнтэй зохицуулна зэрэг 8 чиглэлээр тунхаглал гаргажээ.
-Мэдээж бүрэн эрхийн хүрээнд төрийн дээд одон медалиар шагнах ажлыг Ерөнхийлөгч орхигдуулсангүй. Цар тахлын улмаас зогсоогоод байсан шагналын хурыг ажлаа өгөхөөсөө өмнө зарлиг гаргаж, эх орныхоо шинэ иргэдийг төрүүлж өсгөсөн ээжүүдэд, салбар салбартаа түүчээлсэн тод мөртэй эрхмүүдэд өөрийн Ерөнхийлөгчийн хувиар гаргасан шагналын сүүлийн зарлиг болгон энгэрийг нь мялааж байна.
Хэдийгээр хийж, хэрэгжүүлж амжаагүй бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр үлдсэн ч улирч байгаа Ерөнхийлөгчид ямар дүгнэлт хийх нь иргэн таны эрх биз ээ.