Бага ангийн зарим багш нар хоёр дахин их ачаалалтай буюу өглөө 7-оос шөнийн 12 хүртэл ажиллах тохиолдол гарч байна

Ерөнхий боловсролын сургууль танхим болон цахим хосолсон хэлбэрээр хичээллэж байгаа нь нэг ангид суух сурагчийн тоог 25-аас илүүгүй хязгаарлах давуу талтай ч нөгөө талаар багш нарын ажлын ачааллыг 2 дахин нэмсэн шийдвэр болжээ. Жишээ татвал, бага ангийн багш өглөө эртлэн цахим хичээлдээ бэлдэж цахимаар хичээлээ заачихаад, үдээс хойш танхимын хичээлээ зааж, орой нь 3 цагийг цахимаар хичээллэж байгаа сурагчдынхаа даалгаврыг шалгахад зарцуулж байна. Хол гэртэй багш нар ажил гэр рүүгээ явахад түгжрэх зэрэг олон асуудал үүний цаана тулгамддаг байна. Сурагчдынхаа төлөө ар гэртээ анхаарах завгүй ачаалалтай ажиллаж байгаа багш нар олон байна. Харин зарим багш нар ачааллаа дийлэхгүй цахим хичээлээ цалгардуулах ч тохиолдол байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байгаа юм.

Олон сурагчтай ажиллаж байгаа багш нар ачаалалтай ажилласнаар тэдний дархлаа муудах, цаашлаад “Ковид 19”-ийн халдвараар ч өвчлөх эрсдэлтэй. Тиймээс салбар яамд мэргэжлийн байгууллагууд багш нарын ачааллыг харгалзах шаардлагатай байгаа юм.