УНТЭ-ийн уушигны дүрс оношлогооны аппарат эвдэрснээс иргэд хувийн эмнэлэгт 110-280 мянган төгрөгөөр зураг авахуулж байна

Монгол улсад эрүүл мэндийн даатгалаар иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй улсын эмнэлэг нь жирийн малчин иргэнд хүрч үйлчилж чадахгүй байна. Ялангуяа цар тахлаас үүдсэн эрүүл мэндийн асуудлууд дээр хот бараадсан иргэдэд энэ нь эдийн засгийн болоод сэтгэл санааны маш их хүндрэл учруулж байгааг иргэд ярьж байна. Төв аймгийн баянцагаан сумаас малчин алтангэрэл уушгиа үзүүлэх гэж улаанбаатарт ирээд цаг дугаар авч хүлээсний эцэст 5 дахь хоног дээрээ уушгиа үзүүлжээ. Гэсэн ч нэгдүгээр эмнэлгийн уушигны дүрс оношлогооны аппарат эвдрээд багагүй хугацаа өнгөрсөн тул хувийн эмнэлэгт 110-280 мянган төгрөгөөр уушигны зурагаа авахуулахаас өөр аргагүйд хүрсэн байна. 

"Ковид 19"-ийн халдварын тархалт нэмэгдэж өдөрт 3000 гаруй хүн халдвараар өвчилж байгаа эдгээр өдрүүдэд иргэд улсын эмнэлгийг эмчилгээ үйлчилгээ сайн мөн нийгмийн даатгалаар үйлчилдэг учир зорих нь элбэг байна. Тэр дундаа уушгиа үзүүлэхээр дүрс оношилгооны аппаратад орох иргэд нэмэгдсэн байна.Тэгвэл улсын нэгдүгээр эмнэлэгийн дүрс оношилгооны аппарат эвдэрсэн тул иргэд эрүүл мэндийн даатгалаараа уушгиа үзүүлж чадахгүй нөхцөл байдалтай байна. Иймээс 1-р эмнэлэгт 110-280 мянган төгрөг тушаасны дараа хувийн эмнэлэгт очин дүрс оношилгоонд орж байна. Иргэдээс ирсэн гомдлоор тус аппарат эвдрээд удаж байгаа бөгөөд  бид тодруулахад эмнэлгийн зүгээс энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Санхүүгийн боломжтой иргэд явдал чирэгдэл ихтэй гэж улсын эмнэлгээр явахаас төвөгшөөж хувийн эмнэлгээр үйлчлүүлэх нь түгээмэл. Харин цалин тэтгэврээрээ амьдардаг эрүүл мэндийн даатгалаа төлдөг олон иргэн улсын эмнэлгээс хэрэгтэй үедээ шаардлагатай үйлчилгээ эмчилгээгээ авч чадахгүй байна. Бид энэ талаар эргэн сурвалжилна.